Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг МОН ТОРГОН ДЭЛ ХХК /2019.03.29/ байгуулагдаж нээлтээ хийж байна. Монгол Улсын Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм.
Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй, дэлхийн зах зээлийн 40% эзэлдэг байна. МОН ТОРГОН ДЭЛ ХХК, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран үйлдвэрт ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, чанар стандартын шаардлага хангасан, бүтээгдэхүүнийг экспортод гарч эхэлж байна.
Тодруулбал адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт богино хэмжээгээр нь, хар цагаан бор өнгөөр нь, ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна. Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог, урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.
Тус үйлдвэрт одоогоор 60 гаруй ажилтан ажиллаж, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн, БНХАУ-д экспортолж байна. Одоогийн суурилагдсан хүчин чадал нь өдөрт 500 кг дэл сүүл боловсруулах боломжтой юм. Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экспортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр 8-10 нэр төрлийн бүтээгдэхүүн /төрөл бүрийн гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдаст, уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/ үйлдвэрлэн гаргахыг зорьж байна.
Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл-100тн, сарлагийн сүүл-60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос- 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.
Уншиж байна |