Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
А.Билгүүн: ЗОГСОХ ЭРХГҮЙ 24 ЦАГ бол уул уурхайн бодит мэдээллийг хүргэх хөдөлгөөн
2019-04-01

- Уул уурхайд таагүй ханддаг хүмүүс энэ салбарын ард 30 мянган монгол гэр бүл байдгийг анзаардаггүй -

 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүнтэй ярилцлаа. 

 

 

-Уул уурхайнхан нөгөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын гуравнаас “Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн мэдээ содон дуулдаж байна. 24 цагийн дотор уул уурхайнхны эдийн засагт оруулдаг өгөөж найман тэрбумаар хэмжигддэг гэв үү?

 

-Уул уурхайн салбарынхан нэг хоногт 8.1 тэрбум төгрөгийн өгөөжийг эдийн засагт оруулдаг.Энэ оны нэг, хоёрдугаар сард уул уурхайн салбараас улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн статистик бий

Хоногт хуваагаад бодохоор 24 цагийн дотор 8.1 тэрбум төгрөг төвлөрдөг гээд гарчихаж байгаа юм.Энэ мөнгөний 40 хувь нь АМНАТ, 20 хувь нь ААНОАТ, НӨАТ, 10 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, бусад нь элдэв төрлийн хураамж хэлбэрээр төсөвт төвлөрч байна.

 

-Монголчуудын хэчнээн хувь нь төсвөөс хамааралтай амьдардаг вэ. Тийм статистик байдаг бол уул уурхайгаас хамааралтай иргэдийн тоо гарчих юм байна...?

 

-Монгол улс 3.1 сая иргэнтэй. Тэдний талаас илүү хувь нь буюу 1.7 сая иргэн ямар нэг байдлаар төсвөөс шууд хамааралтай гэсэн судалгаа бий. Нийт өрхийн гуравны хоёр нь сарын 380 ам.доллараас бага орлоготой байна. Нэг өрх дунджаар дөрвөн хүнтэй гэж бодъё. Ингээд харахаар нэг хүн өдөрт 3 ам.доллар орчим орлоготой амьдардаг гэсэн үг. Манай улс ямар буурай дорой байгааг энэ тооноос харчихаж болно. Товчхондоо Монголын нийгэмд асар их ядуурал, тогтолцоогоо сайн ойлгохгүй яваа бухимдал үүсээд байна л даа.

 

-Тогтолцоогоо сайн ойлгохгүй яваа бухимдал газар авсан гэдгээ тодруулаач?

 

-“Сантмарал”-ын өнгөрсөн жилийн судалгаанаас анзаарсан ажиглалт л даа. “Өнөөдрийн тогтолцоо таны сэтгэлд хэр нийцэж байна вэ” гэсэн асуултад санал асуулгад оролцогчдын 53 хувь нь бараг нийцдэггүй буюу нийцдэггүй гэсэн хариу өгсөн байна лээ. “Өнөөгийн эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ” гэсэн асуултад 66 хувь нь буюу гуравны хоёр нь муу буюу маш муу гэсэн хариуг дугуйлсныг судалгаанаас харж болно. “Манай нийгэмд шударга ёс байна уу?” гэсэн асуултад 84 хувь нь ”Байхгүй” гэсэн хариу өгсөн байсан. Энэ гурван хариултыг нийлүүлээд анзаарвал өнөөгийн нийгмийн бухимдлыг илтгэнэ.

 

-Иргэдийн уур бухимдлыг улстөрчид өдөөгөөд байна л даа. Эдийн засгийн суурь болсон салбараа унагах уриалга тэднээс гарсаар өнөөг хүрсэн. Сүүлдээ бүр уул уурхайн лицензүүдийг хураана, хэт хавтгайрчихлаа гэж мэдэгдээд эхэллээ. Монгол уул уурхайн хүчин чадал, боломжоо бүрэн дүүрэн ашиглаж яваа улс мөн үү?

 

-Саяхан “Голомт”-ын Ө.Ганзориг нэг видео хийсэн байсан. Фэйсбүүкээр маш олон шэйр, лайк авсан харагдсан.1990 оны үед нэг хүнд оногдох ДНБ 400 ам.доллар байсан бол өнөөдөр 4,000 ам.доллар болж арав дахин өслөө гэж ярьдаг. Өнгөц харахад том өсөлт мөн үү гэвэл мөн. Ө.Ганзориг “Бидэнтэй адил гараанаас гарсан Казахстаны эдийн засгийг харахад нэг хүнд оногдох ДНБ нь 8,800 ам.доллараар хэмжигдэж байна. Оросынх 10,700 ам.доллар. Ингээд харахаар 4,000 ам.доллар гэдэг чамлалттай. Бид нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна” гэсэн утгатай дүгнэлт хийсэн байсан. Миний хувьд ч санал нэг байна. 

 

-Ингэхэд уул уурхайгаас жилд хэчнээн төгрөг төсөвт ордог юм бэ?

 

-Уул уурхай нэг жилд хоёр их наяд төгрөгийг төсөвт оруулдаг том салбар. Тэр утгаараа иргэдийн авч байгаа тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тэтгэмж, төрийн байгууллагын ажилчдын цалин гэх мэт зүйлс уул уурхайн салбараас өндөр хамааралтай болчихсон. 

 

-“Зогсох эрхгүй 24 цаг” хөдөлгөөний гол зорилгыг уул уурхайнхан өөрсдийнхөө тухай үнэн бодитой мэдээллийг нийгэмд хүргэх гэж ойлгосон, зөв үү?

 

-Бидний гол зорилго ерөөсөө л наадах чинь. Иргэд энэ салбарыг зөв ойлгож чадахгүй яваагаас гадна улстөрийн эрсдэлтэй нөхцөл тодорхой хэмжээнд үүссэнийг бүгд харж байгаа. Үүний гол бурууг бид бусдаас хайхыг урьтал болгохгүй. Уул уурхайн компаниуд өөрсдийнхөө талаар бодит мэдээллийг тэр бүр хүргэж чаддаггүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн л дээ. Бодит мэдээллээ олон нийтэд хүргэх хөдөлгөөн гэж ойлгож болно. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. “Зогсох эрхгүй 24 цаг” бол уул уурхайн салбарын сайн сайхныг харуулах гэсэн пи ар ажиллагаа биш.

 

-Тэгэхээр уул уурхайг адлах хандлага гаарсны гол буруутан нь салбарынхан өөрсдөө гэсэн үг үү?

 

-Нэг талаар тэгж хэлэх болно. Уул уурхайн салбарыг олон нийт зөвөөр ойлгохгүй байгаагийн нэг шалтгаан нь салбарынхны өөрсдийнх нь алдаа гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Оролцогч талууд хэн хэнээ ойлгохгүй хурцадмал байдал үүсээд ирэхэд хамгийн хүлээцтэй тал нь өөрөөсөө бурууг хайж эхлэх хэрэгтэй. 

 

-Өөрсдөөсөө ямар алдаа буруу олж харав?

 

-Хариуцлагатай уул уурхай гэж ярьсаар байгаад сүүлдээ хариуцлага гэдэг үг нь утга учраа алдчихсан нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Хариуцлагатай уул уурхай гэдгийг хүн бүр, уул уурхайн компани болгон өөр өөрөөр ойлгодог. Өөрийгөө хариуцлагагүй гэж хэлдэг уул уурхайн компани нэг ч байхгүй. Бид хариуцлагатай байх гарцаа олсон. Монголын уул уурхайн үндэсний ассоциацид энэ салбарын маш олон компани нэгдсэн байдаг.

 

Бүгд нийлж суугаад яг ямар үзүүлэлтийг хариуцлагатай гэж үзэх вэ гэдгээ “Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд хэлэлцэнэ. Хэлэлцсэний эцэст тодорхой үнэлэмж, шалгууртай болно гэсэн үг. Багцлаад хэлбэл “Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд бид гурван үндсэн зорилт дэвшүүлж байгаа. Түрүүн хоёулаа уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж байгаа нөлөөний талаар цухас ярилаа. Энэ чиглэлээр уул уурхайн компаниуд хамтарсан судалгаа өрнүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаар асуудлыг бас сая ярьчихлаа.

 

Уул уурхайн компаниудын аль нь хариуцлагатай, аль нь хариуцлагагүйг тодорхойлж гаргана. Гурав дахь асуудал илүү макро төвшинд яригдаж байгаа. Уул уурхайн салбарыг яаж, ямар аргаар эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь болгох вэ гэсэн асуултад хариу, гарц, гаргалгаанууд гаргаж ирнэ. Бүр тодруулж хэлбэл жил хагасын хугацаанд ийм гурван асуултад хариулт өгнө. 

 

-Хариуцлагагүй компаниудаас болж хариуцлагатай компаниуд нь буруутгагдаад яваа нийтлэг зураг харагддаг...?

 

-Та бид хоёр түрүүн ярьсан даа. Энэ бол ерөөсөө л бодит мэдээллээ түгээж чадаагүйтэй холбоотой. Иргэдийн бухимдлын бас нэг том шалтгааныг бид уул уурхайн төслүүдээс шууд ашиг хүртэж чадахгүй байгаатай холбоотой гэж харж байгаа. Ийм шалтгаанаар үл ойлголцол их үүсч байна. 

 

-Таны хэлсэн шалтгаанаар тэмцэж жагсч яваа нь ч бий байх. Уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө олох арга хэрэгслээ болгочихсон хэсэг бүлэг ч бас байна...?

 

-Шууд ашиг хүртэж чадахгүй байгаатай ямар нэг байдлаар холбоотой л доо.

 

-Ер нь орон нутгийнхны эсэргүүцэх хандлага ганц манай улсад байна уу, эсвэл дэлхий даяараа ийм асуудалтай аж төрдөг юм уу? 

 

-Ганц манайд тулгарсан асуудал биш. “Танай компанид тулгарч байгаа хамгийн том эрсдэл нь юу вэ” гэсэн асуултад дэлхийн 600 уул уурхайн компанийн захирлууд нийгмийн тусгай зөвшөөрлийг тэргүүн эрсдэл гэсэн хариу өгч байна. 

 

-Хэзээний судалгаа вэ?

 

-2018 оны арванхоёрдугаар сард Эрнст энд Янг олон улсын аудитын компанийн хийсэн судалгаа. Байгаль сүйдсэн, уул уурхайгаас үүдэж осол аваар гарсан, хээл хахуулийн хэрэгтэй холбогдсон гэх мэт мэдээлэл дэлхий даяар хурдан тархдаг болсонтой холбоотой болов уу. Холливудын кинонд хүртэл уул уурхайг бохир салбар мэтээр харуулдаг шүү дээ. Тэгэхээр бохир харагдаж байгаа нь салбарын онцлог сул тал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

 

-Уул уурхайнхан олсон орлого, зарсан зарлага, төлсөн татвараа энгийнээр ил тод мэдээлээд байвал орон нутгийнхны эсэргүүцэл, үл ойлголцол багасах нь ээ дээ?

 

-Тэгнэ. Уул уурхайн салбарын гол өгөөжийг компани, гадны хөрөнгө оруулагчид авдаг гэдэг нийтлэг буруу ойлголт байдаг. Гэтэл үнэндээ эдгээр уул уурхайн төслүүдийн ард 30 мянган монгол гэр бүлийн аж амьдрал яригдаж байдаг. Хэрэв төслүүд зогсвол монголчууд ажилгүй болж, Монгол улсын Засгийн газар орлогогүй болох эрсдэлтэй. Тэгэхээр бодит мэдээллийг энгийн хүнд ойлгогдохоор үнэн зөвөөр тайлбарлаж тайлагнаж байх нь уул уурхай, ялангуяа байгалийн баялагтай холбоотой олборлох салбарын асар чухал үзүүлэлт болоод байна. 

 

-Уул уурхайг цаашид яаж хариуцлагажуулах вэ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн хувьд төлөвлөсөн зүйл байна уу?

 

-Канадын уул уурхайн ассоциацитай хамтарч компаниуд өөрийгөө үнэлдэг аттестатчиллын системийг оруулж ирэх талаар ярьж байна. 

 

-Уул уурхайн том компаниудын хувьд хариуцлагатай уул уурхайг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн гэж дүгнэмээр санагддаг. Хээрийн амьтад, усны шувуудаа хүртэл тоолдог гэж ирээд яривал олон хүргэмээр мэдээлэл их байдаг шүү?

 

-Хээрийн амьтадаа тоолохоос гадна уурхайгаа барихаас өмнө олборлолт явуулах газрын хөрсөн дээр ямар төрлийн ургамлууд байгааг нарийн судалж, тухайн ургамлын үрийн дата баазыг бэлдэж байна шүү дээ. 

 

-Гэтэл олон нийт компаниудыг ухсан нүхээ шороогоор таглах төдий ажил хийдэг гэж хараад байдаг. Энэ мэт мэдээллээ ил тод хүргээд байж болдоггүй хэрэг үү?

 

-Компаниуд нийгмийн хариуцлагатай ажилладгаа олон нийтэд мэдээлэхийг оролдож байгаа. Гэхдээ зарим нэг тохиолдолд, тухайлбал эрдсийн үнийн мөчлөг доош унангуут алдагдалд ордог онцлог энэ салбарынханд бий. Эрдсийн үнийн мөчлөг тааруу ч юм уу, эдийн засаг сайн биш үед уул уурхайн компаниудын гол анхаарал нь санхүүгийн эх үүсвэр, үндсэн үйл ажиллагаандаа төвлөрдөг болохоор олон нийттэй харьцах асуудал алдагддаг тал бий. Бас эрдсийн үнийн мөчлөг доош орчихоор хариуцлагатай компаниуд орж ирэх магадлал багасдагч үзэгдэл бий. 

 

-Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлдэг том компаниуд хууль эрх зүйн орчин тогтвортой, улстөрчид нь элдэв сөрөг мэдэгдэл хийгээд байдаггүй улсыг илүүтэй сонгодог гэсэн тал бас байна уу?

 

-Тэгэлгүй яахав. Эсрэгээрээ хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, эрсдэлтэй мэдэгдэл хийдэг улстөрчидтэй үед хариуцлагагүй жижиг уурхай олшрох эрсдэл өндөр байдаг. Том компаниуд байгаль орчны өмнө хариуцлагатай, олон улсын стандартаар ажилладаг. Хөрөнгийн биржид бүртгүүлэхдээ л нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн байдаг. Тэгэхээр Монголын уул уурхайн салбарт хөрөнгийн биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй компаниуд олон болоосой гэж хүсдэг. 

 

-Бага буурай хөгжилтэй улсууд л уул уурхайн салбартаа найдаж амьдардаг гэсэн ойлголт их тод ажиглагддаг. Энэ хэр зөв ойлголт хандлага вэ?

 

-Уул уурхайн салбартаа тулгуурлаж өндөр хөгжилд хүрч чадсан, их хэмжээний эдийн засгийн хуримтлал бий болгосон улсууд маш олон. Австрали, Канад, Өмнөд Африк, Казахстан, ОХУ,БНХАУ гээд бүгд уул уурхайн салбарт тулгуурладаг. Эдгээр улсууд бүгд нийтлэг нэг шинжтэй. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин нь тогтвортой, стандарт нь тодорхой. Ийм нөхцөлд та бид хоёрын яриад суугаа хариуцлагатай уул уурхайн компаниуд хөгжих боломжтой байдаг.

 

Нөгөө талд баялгийн хараал болчихсон улсыг харахад ерөөсөө л хууль эрх зүй, улстөрийн орчин нь тогтворгүй байдаг. Энэ улсуудын тухайд баялгаа булаацалдаж улстөрийн тэмцэл өрнүүлж, эцэстээ төрийн эргэлт хийсэн нийтлэг зураг анзаарагддаг. АНУ дэлхийд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч болох үндэс нь уул уурхайн салбар байсан. Канадын түүх ч тийм. Бразил, Чили, Перу гэх мэт Латин америкийн том улсууд яг энэ замаар явж байна. Европын Холбооны улсууд мөн нийлээд уул уурхайн салбарт өөрийн технологийн дэвшил, аюулгүйн стандарт гэх мэт давуу талуудаа ашиглан өрсөлдөх стратеги боловсруулж байна. Австрали сүүлийн хорин жилд нэг ч удаа эдийн засгийн хямралд орж үзээгүй улс. Энэ улсын салбар нь уул уурхай. 

 

-“Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарна гэлээ. Яг яаж анхаарах вэ?

 

-Бид өөрийнхөө давуу талыг тодорхойлох шаардлагатай байна. Эхний ээлжинд олборлохоосоо өмнө хайгуул дээр маш их боломж байна. Газар зүйн байрлал, дэлхий дахины санхүүгийн нөхцөл байдал зэрэгтэй холбоод харахаар өнөөдөр манайд хөгжих боломжтой цорын ганц салбар нь уул уурхай. Хайж эрж, олсноо олборлож байж л бид хангалттай хуримтлалтай болж чадна. Тэгж байж дараагийн салбаруудаа хөгжүүлж чадна. “Муурын өнгө чухал биш, гагцхүү хулгана л барьдаг байх ёстой” гэж мундаг үг байдгийг бид мартамгүй байна. Уул уурхайг өнөөдөр сайн ойлгохгүй байгаа. Гэсэн ч уул уурхай манай улсын хувьд яах аргагүй хөгжлийн хөдөлгүүр болсон салбар. 

 

-Уул уурхайн салбараа илүү эрчимжүүлэхийн тулд хайгуулын салбараа хөгжүүлэх ёстой гэж ойлголоо...?

 

-Хайгуул хөгжиж байж л уул уурхайн салбар томороно. Өндөр хөгжилтэй орнууд ч хайгуулын салбартаа их мөнгө хаяж байна. Канад улсад 2017 оны байдлаар гэхэд л 300 хайгуулын төсөл дээр өрөм тавьсан гэх жишээ бий. Хэчнээн хүчирхэг эдийн засагтай, ямар том улс билээ. Гэтэл өнөөг хүртэл дараагийн шинэ ордыг олж илрүүлэх үйл ажиллагааг эрчимтэй хийж байна. Манай улсад ч хайгуулыг эрчимтэй хийх асар өндөр боломж бий. Харамсалтай нь хууль эрх зүйн орчин нь алга.

 

-“Зогсох эрхгүй” санаачлагын хүрээнд иргэд уул уурхайн талаар энгийн бодитой мэдээлэл авч, уул уурхайн компаниуд хариуцлагажих талдаа анхаарч, өрсөлдөх чадвараа сайжруулах гарц гаргалгааг хайх юм байна. Төртэй яаж хамтрах вэ?

 

-Манай төрийн байгууллагынхан, тэрдундаа салбарын яам, агентлагийнхан уул уурхайн салбарт өнөөдөр тулгамдаж байгаа нөхцөл байдлыг асар сайн ойлгож байгаа. Ялангуяа гүйцэтгэх засаглалынхны ихэнх нь уул уурхайн талаар маш сайн ойлголттой. 

 

-Уул уурхайг төрийнхөн ойлгодоггүй гэсэн яриа их дуулддаг. Буруу дүгнэлт гэсэн үг үү?

 

-Төрийн байгууллагынхантай ярихаар хувийн компаниудын тавьдаг асуудлыг л хөндөж ярьдаг. “Нийгэм энэ салбарыг зөвөөр ойлгохгүй байна” гэцгээдэг. 

 

-Сонирхолтой өнцөг байна шүү?

 

-Харин их сонирхолтой өнцөг. Тал талдаа яг адилхан ойолголттой байна. Тэгэхээр зөв мэдээллийг түгээх л хамгийн үр дүнтэй гарц гэж хараад байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Т.БААСАНСҮРЭН

Shuud.mn
Сонин хачин