Жил бүр тохиодог Дэлхийн эмч нарын өдрийг угтан ХААН Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай байдлыг хангахад зориулж, нийслэлийн “Өргөө” амаржих газар кесар мэс заслын 10 иж бүрдэл багаж хандивлалаа.
Энэхүү хандивын арга хэмжээг ХААН Банкны нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан болон “Signature” харилцагчдын дебит картын хураамжийн 2018 оны хуримтлалаас санхүүжүүлсэн юм. ХААН Банк “Signature” үйлчилгээний хураамжаас олсон орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайханд зориулж ирсэн бөгөөд “Сигначур” харилцагчдынхаа оролцоотой “Хамтдаа бүтээх сайн үйлс”–ийг энэ жил ийнхүү амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
Хандивласан мэс заслын багажийг эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай. Тус амаржих газарт жилд дунджаар 12,000 эх нярайлдаг бөгөөд 32 орчим хувь нь хийсвэрээр төрдөг аж. Сүүлийн жилүүдэд ийм төрлийн аргаар амарждаг эхчүүдийн тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл гардаг байжээ. Харин ийнхүү иж бүрдэл багажтай болсноор эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.
Ийнхүү ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд бодитой хувь нэмрээ орууллаа. ХААН Банк 2017 оны сүүлчээс эхлэн нийгмийн хариуцлагын ажлуудаа өргөжүүлэн НҮБ-аас тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцүүлэхээр зорин ажиллаж буй. Уг зорилтын 1.9 тэрбум төгрөг зарцуулснаас “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” олны талархлыг хүлээж, олон хүнийг аюулт өвчнөөс аварч, урьдчилан сэргийлж чадсан чухал үр дүнтэй ажил болж хэрэгжиж байгаа билээ.
Бид зогсолтгүй бүтээсээр...
Уншиж байна |