Жижиг дунд бизнес эрхлэгчдэд томоохон боломж, гарц нээж өгч, бүх талын дэмжлэг туслалцаа, цогц үйлчилгээ санал болгох нэгэн чухал төвийг ХААН Банк өнөөдөр албан ёсоор нээлээ. Бизнес эрхлэгч харилцагчдадаа өдөр тутам тулгардаг асуудлуудад нь нэг бүрчлэн зөвлөгөө өгөх, интернэт орчин бүхий номын сангаар үйлчлэх, тав тухтай ажлаа явуулах хамтын оффис санал болгох, менежментийн төрөл бүрийн сургалтад хамруулах гэхчилэн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв цогц үйл ажиллагаа явуулахаараа онцлог юм.
ХААН Банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ харилцагчдаа чадавхижуулах, бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болоход ихээхэн анхаарч, шат дараатай ажлууд хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний тод жишээ бол 2006 онд “Хамтдаа хөгжье” уриатайгаар Бизнес инкубатор төв байгуулж, энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 500 удаагийн сургалтаар нийт 30,000 гаруй харилцагчийг сургалтад хамруулан, 3000 орчим бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн тогтвортой хамтран ажиллаж байгаа билээ. Тус төвийг 2018 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлсэн бөгөөд өнөөдөр ийнхүү шинэ байрных нь нээлтийг хийсэн юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвийн нээлтийн арга хэмжээнд ХААН Банкны удирдлагууд, харилцагчдаас гадна хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллагын төлөөлөл, мөн менежментийн мэргэшсэн зөвлөхүүд урилгаар ирж оролцлоо. Нээлтийн ёслолын үеэр ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Т.Жавхлан “Монгол Улсын тэргүүлэгч банкны хувьд улс орны эдийн засаг, жижиг дунд бизнесийг дэмжихэд бидний хувь нэмэр, үүрэг оролцоо өндөр гэж үздэг. Өнөөдрийг хүртэл аль ч улс орны хувьд эдийн засгийг бүрдүүлэгч гол хөдөлгөгч хүч нь жижиг дунд бизнесийн салбарынхан байсаар ирсэн. Манай банкны хувьд сүүлийн 10 гаруй жилийн турш Бизнес инкубатор төвөөрөө дамжуулан банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, сургаж чадавхижуулах чиглэлд анхаарал хандуулж ирсэн. Энэ төвөө өргөжүүлж, Жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчдад үйлчлэх төв өөрийн гэсэн байртайгаа өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ бол харилцагчдынхаа өмнө нээж өгч буй маш том боломж, бизнесээ өргөжүүлэх, урагшлуулах гарц гэж бид үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Сөүлийн гудамжинд байрлах ХААН Банкны “Signature” төвийн хоёрдугаар давхарт Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв байрлаж байна. Энэ төвд хандаж үйлчлүүлэхийг хүсвэл та бүхэн smesc@khanbank.com хаягаар болон 332333-4285 дугаарын утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
Уншиж байна |