“Эрдэнэс таван толгой” ХК-ийн зүгээс иргэдэд ногдол ашиг тараана гэж мэдэгдсэн. Гэхдээ хэдэн төгрөгийн ногдол ашгийг хэзээ, хэрхэн олгох шийдвэрийг өнөөдрийг хүртэл ил тод мэдээлээгүй байна. Өнөөдөр /2019.03.21/ “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” НҮТББ-аас ногдол ашгийг нэмэгдүүлэх, тоооцоог ил тод, ойлгомжтой болгох шаардлагыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт тавив.
“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Л.Наранбаатар “Эхний ээлжинд 700 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Үүнээс ногдол ашиг тараана гэсэн мэдээлэл өгсөн. Гэтэл энэ 700 тэрбум төгрөгөөс иргэддээ ногдол ашиг тараахаар багахан юм оногдох юм байна. Түүний оронд бүтээн байгуулалтдаа шингээе гэсэн. Үүнд би эдийн засагч хүний хувьд дургүйцсэн. Би сүүлийн зургаан жилийн турш энэ компанийн санхүүд хяналт тавьж байгаа” гэв.
“Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны хөрөнгө оруулалтын төсвийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталжээ. Ингэхдээ барилга барихад 42 тэрбум төгрөг зарцуулахаар хөрөнгө оруулалтын төсөвт суулгасан байна.
Энэ талаар Л.Наранбаатар “Энэ компанид 100 сайн инженер ажиллахад 500 метр квадрат оффис хэрэгтэй. Үүнд сард 27 сая, жилд 330 төгрөгийн түрээс зарцуулна. 10 жилийн түрээсээр бодоход 3.3 тэрбум төгрөг. 42 тэрбум төгрөгөөс 3.3 тэрбум төгрөг хасаад үлдэж байгаа 39 тэрбум төгрөгийг ногдол ашгаар иргэддээ өгч болно. Гэтэл төсвийн задаргаагаа нуугаад иргэдэд “шүлс” долоолгох хэмжээний 50, 60 тэрбум төгрөгийн л ногдол ашиг тараах тухай юм яриад байна” гэлээ.
1072 хувьцаа эзэмшигчдийн фэйсбүүк группт 90 мянган хүн нэгджээ. Тэд 2019 оны цэвэр ашгийг 1 их наяд төгрөгөөр буюу 1072 хувьцааг багцаар эзэмшиж буй иргэнд 2020 онд ногдол ашгийг 400 орчим мянган төгрөгт хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ.
Иймд компанийн үйлдвэрлэлийн тайлан, санхүүгийн тайлан, ногдол ашгийн тооцоо зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангаж өгөх, мөн хамтарсан ажлын хэсэг томилон 2018 оны ногдол ашгийн тооцоог ил тод, ойлгомжтой болгох, 2019 оны төсвийг илүү ашигтай болгож ногдол ашгийг нэмэгдүүлэх шаардлагыг долоо хоногийн хугацаатай тавьж буйгаа мэдэгдлээ.
Шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч иргэдэд олгосон мэдэх эрхэнд халдаж байна гэж үзэх бөгөөд ТУЗ, гүйцэтгэх удирдлагад хариуцлага тооцохыг сануулав.
Г.Сүрэн