Монгол Улсын арслан, гавьяат багш Л.Сосорбарам сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм.
Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд Ардын багш Л.Сосорбарам гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр Монголын иргэний хамгаалалтын багш нарын нэг бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд 1963 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй багшилж, ард иргэдээ болзошгүй аюул, амь нас, өмч хөрөнгө, мал сүрэг, газар нутгаа хамгаалах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг сурган дасгалжуулж, идэвх зүтгэлтэй ажилласан нэгэн юм.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр тэрбээр энэ тухайгаа “Би Хөдөө аж ахуйн их сургуулийн анхны оюутан. Анхны төгсөгч. Таван жил суралцаад сургуульдаа багшаар үлдсэн юм. Ингэж сургуульдаа багшаар үлдсэн би 1972 он хүртэл нарийн мэргэжлийн хичээл зааж байгаад 1973 онд Иргэний хамгаалалтын курст нэг багш явуулах шаардлагатай гэж дээрээс чиглэл ирсний дагуу тус курст явснаар Иргэний хамгаалалтын багш болсон доо.
Хичээлийн маань нэр сүүлд өөрчлөгдөөд Гамшгаас хамгаалах менежментийн хичээл нэртэй болсон. Тэгсэн чинь хүмүүс “Гамшгийн хичээл”, Гамшгийн багш явж байна гээд байдаг. Түүнд нь би их дургүй. Гамшгийн багш гэхээр би чинь гамшиг тарьдаг хүн болчихно биз дээ. Уг нь бол Гамшгаас хамгаалах менежментийн талаар заагаад байгаа юм шүү дээ гэдэг байлаа. Энэ хичээлийг би тэтгэвэрт гарахаасаа өмнө 17 жил, тэтгэвэрт гарснаасаа хойш 23 жил заасан байна” хэмээн хуучиллаа.
Мөн Онцгой байдлын албаны түүхэн музейг үзэж сонирхсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Уншиж байна |