“Эрдэнэс Тавантолгой”-н 2019 оны хөрөнгө оруулалтын төсвийг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан. Үүнд IPO холбоотой зөвлөх үйлчилгээ авахад 283, 359, 500 төгрөг төсөвлөсөн нь иргэдэд тараах ногдол ашиг талаар болох нь хэмээн “хардахад” хүргээд байна.
Тэгвэл 283 тэрбум төгрөгөөр зөвлөгөө авах гэж буйг эдийн засагчид хэрхэн дүгнэж буйг тодрууллаа. Тэд ингэж хариулж байна.
Г.Рагчаасүрэн: Санаа нь зөв ч 283 тэрбум төгрөг их мөнгө
“Гэрэгэ Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Доктор Г.Рагчаасүрэн “Зөвхөн зөвлөх үйлчилгээ авахад арай ч 283 тэрбум зарцуулахгүй байлгүй дээ. Энэ мөнгийг долларт шилжүүлвэл 100 гаруй сая ам.доллар. Тэгэхээр 283 тэрбум гэдэг их том тоо санагдаж байна. Энэ миний хувьд “аймар” их мөнгө.
“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрвээ IPO олон улсын зах зээл дээр гаргах гэж байгаа бол эхний ээлжинд олон улсын практикийг судалж, бэлтгэл хангах шаардлагатай. Ядаж санхүүгийн тайлан нь дэлхийн том аудитын байгууллагуудаар эхлээд хянагдаад хоёр жил явж байж олон улсын зах зээл дээр танигдаж, хөрөнгө оруулагч нар ашигтай ажиллаж байгаа гэдгийг нь мэдэж, стратегийн хөрөнгө оруулагч нар орж ирэх болов уу. Түүнээс өнөөдрийн энэ төсөв дээр эрсдэл хайсан, эрсдэл хүлээдэг хөрөнгө оруулагч нар орж ирэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ дорвитой юм хийх гэж байгаа бол хэдэн хувийг гаргах гэж байгаа вэ гэдгээс эхлээд судлах хэрэгтэй. Мөн манай улстөрийн одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагч нарын итгэх итгэл ямар байх вэ гэдэг чухал. Хэрэв санхүүгийн зах зээл дээр гарчих юм бол их том хамгаалалтад орчих байх.
Уг нь санаа нь зөв. Гэхдээ ямар үнээр яаж гаргах вэ гэдгийг эхний ээлжинд дэлхийн том дөрвөн аудитын байгууллагын санхүүгийн тайлангаар нэг хоёр жилдээ судлуулж, танилцуулаад тэр нь батлагдчихвал хөрөнгө оруулагчид илүү итгэлтэй хүлээн авах болов уу гэж бодож байна.
Л.Наранбаатар: Хөрөнгө оруулалт хэлбэрээр бичсэн нь иргэдэд очих ногдол ашгийг бууруулах зорилготой
Уул уурхайн эдийн засагч, “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"-ны тэргүүн Л.Наранбаатар "283 тэрбум төгрөгийн IPO зөвлөхийн хөлс нь бүхэлдээ анддеррайтерын төлбөр гэж үзвэл үүнийг хөрөнгө оруулалтанд тусгахгүй. Санхүүжилт босгосон орлогоос гурван хувийн шимтгэл нь хасагдаад үлдсэн мөнгө нь дансанд орно. Компанийн хөрөнгөнд бүртгэгдэх мөнгө биш, мөнгөн урсгалын тооцоонд ч орохгүй. Хөрөнгө оруулалт хэлбэрээр бичсэн нь ямар зорилготой гэж үү. Иргэдэд очих ногдол ашгийг бууруулах зорилготой. 2018 оны хуримтлагдсан ашиг 800 тэрбум төгрөгөөс IPO зөвлөхөд өгөх 283 тэрбум төг, мөн маш өндөр өртөгөөр бас бус байшин барих, тансаг машин, компьютер авах гээд нийт 480 тэрбум төгрөгийн зардлыг хасаж, үлдсэнээс нь шүлс долоолгох тооцооны арга гэдгийг хэлье.
Г.Ганзориг: Өөр улсад туршигдсан зөвлөх үйлчилгээ Монголын зах зээлд нийцэхгүй байх эрсдэл бий
“Голомт” банкны ахлах эдийн засагч Г.Ганзориг “Зөвлөх үйлчилгээ гэдгээ хоёр ялгах ёстой. Консалтинг гэдэг бол хүрч ирж ажлыг нь хийж өгөх асуудал. Харин эдвайсер гэдэг зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэлбэр. Тэгэхээр үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Эхний хувилбар бол үнэхээр энэ хүн ямар ажил хийх гэж ирсэн бэ гэдгийг харна. Тэгэхээр үр дүнд хүрсэн үү, шалгуур үзүүлэлтийг хангаж чадсан уу гэдгээс шалтгаалж ажлаа хийсэн үү эсвэл луйвар хийсэн үү гэдгийг ярина. Хоёрдахь хувилбар бол бид хэн нэгнийг хажуудаа суулгаад зөвлөх үйлчилгээ авах учраас ямар нэгэн үр дүнгийн талаар ярихад хэцүү. Алдаа гарч болно. Үүнийг үгүйсгэхгүй. Анхнаасаа гэрээнд ямар зүйл зурагдаж, ямар үр дүнд хүрэхээр тохирсон бэ гэдгээс шалтгаална.
Зөвлөх үйлчилгээ гэхээр гэрээний нөхцлүүд гэж байгаа ч тэр нь бүдэг учраас түүнийг далимдуулж мөнгө гаргах эрсдэлтэй. Өнөөдөр Монгол улс зөвлөх үйлчилгээ авч болно. Гол нь тухайн зөвлөх үйлчилгээ нь өөр зах зээл дээр туршигдчихсан арга техник яваад байдаг. Гэтэл эргээд Монгол Улсад ороод ирэхээр Монголын зах зээлд нийцэхээ больчихдог эрсдэл бий.
Миний нэг боддог зүйл гэвэл Монгол Улсын хувьд ойрын хугацаанд тулгараад байгаа эдийн засгийн топ гурван эрсдэлийн эхнийх нь улстөрийн эрсдэл. Сонгуулийн жил дөхөж байгаатай холбоотойгоор төсвийн зарцуулалт нэмэгдэх улмаар төсвийн алдагдал нэмэгдэх эрсдэл байна гэж харж байгаа. Хоёр дахь эрсдэл бол түүхий эдийн үнийн эрсдэл. Нүүрс, зэсийн ханш өнөөдөр манай улсад харьцангуй тааламжтай байна. Гэхдээ ирэх 1-2 жилийн хугацаанд нүүрс, зэсийн үнэ ханш буурч магадгүй гэсэн таамаг байна. Гуравдахь эрсдэл бол мега төсөл.
Г.Сүрэн
Уншиж байна |