Монголбанкны Судалгаа, статистикийн газар болон Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн (ERTIM) -тэй хамтран, ЖАЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага -2019” арга хэмжээг өнөөдөр /2019.03.12/ зохион байгууллаа.
2013 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний үнийн бууралтаас шалтгаалан Монгол Улсын эдийн засгийн өсөлт маш ихээр буурч эхэлсэн. Мөн улсын төсвийн алдагдал нэмэгдэж 2016 он гэхэд ДНБ-ийн 17 хувьд хүрсэн.
2017 оноос хойш засгийн газар эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаж байна. ОУВС-ийн тооцоолсноор Монгол Улс энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар 2022 он гэхэд төсвийн алдагдалын ДНБ-д эзлэх хувийг 1.5 хувьд хүргэх ба үүний тулд засгийн газрын зардлаа танах шаардлагатай гэдгийг судлаачид онцолж байна.
Арга хэмжээний үеэр Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага ямар түвшинд байна вэ?
-Энэ онд эдийн засаг 6.5-7 хувийн өсөлттэй байхаар байна. Мөн төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн 2018 онд 1.9 тэрбум буюу нэлээд том алдагдалтай байсан. 2019 онд энэ алдагдал буурах төлөв харагдахгүй байна. Ялангуяа Монголбанкинд тушаадаг алтны хэмжээ 2018 онд 21.9 тонн байв. Алтны орлогоос 750 гаруй сая ам.долларын ашиг олдог байсан. Гэтэл энэ оны эхний хоёр сарын байдлаар энэ үзүүлэлт 80 орчим хувийн бууралттай явж байна. Бууралтын шалтгаан нь рояалти татвар 2.5 хувь байсан нь өссөн. Үүнтэй холбоотойгоор иргэд, аж ахуй нэгжүүдийн Монголбанкинд алт тушаадаг үйл хөдлөлд өөрчлөлт гараад байна. Энэ үйл хөдлөл цаашид үргэлжлэх юм бол Монголбанк 750 сая ам.долларын орлого олж, түүгээрээ валютын зах зээлд оролцдог байсан оролцоо нэлээд хязгаарлагдах үндэслэлийг бий болгож байна.
-Өрнөж байгаа улстөрийн үйл явдалтай холбоотойгоор нөлөө бүхий банкуудын үйл ажиллагаа ганхаж магадгүй гэсэн айдас байна.
-Өрнөж байгаа асуудал Засгийн газартай холбоотой. Энэ нөхцөл байдалтай холбоотойгоор банкуудын үйл ажиллагаанд сөрөг үр дагавар одоогоор илрээгүй байна.
-Нэг сарын 1-нээс хэрэглээний зээлийн хугацааг хязгаарласан. Үүнтэй холбоотойгоор хэрэглээний зээл саарч байна уу?
-Манай банк 2018 оноос эхлээд богино давтамжтай хэрэглээний зээлийн мэдээллүүдийг авч удирдлагуудад танилцуулдаг болсон. Нэгдүгээр сарын 1-нээс өр орлогын харьцааг 70 хувиар тогтоогоод хугацааг 30 сар болгосонтой холбоотойгоор сүүлийн хоёр долоо хоногийн мэдээнээс харахад хэрэглээний зээлийн өсөлт саарч байна. Оны өмнө 30 сараас хамаагүй өндөр хугацаатайгаар зээл олгогдож байсан бол өнөөх хойш 25 сар болж буурсан. Тэгэхээр бодлогын үр дүнгүүд гараад эхэлчихсэн байна.
Г.Сүрэн
Уншиж байна |