Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-ноос зохион байгуулдаг олон улсын уул уурхай чуулга уулзалт Канадын Торонто хотноо өнөөдөр эхэллээ. 87 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уулзалт, үзэсгэлэнд ашигт малтмалын хайгуул, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн оролцдог, энэ салбарынхны хамгийн том арга хэмжээ юм. Монгол Улсын хувьд 2006 оноос уг арга хэмжээнд оролцож ирсэн бөгөөд энэ жилийн PDAC-2019-д УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэс ХК-ийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.
87 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий олон улсын энэхүү чуулга уулзалтад 135 орны 25600 гаруй төлөөлөгч, 3500 гаруй хөрөнгө оруулагч оролцож буй. Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг болон уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн нэр хүнд бүхий 1000 гаруй компани Торонтогийн чуулга уулзалтын хүрээнд үзэсгэлэн гаргаж, өөрийн үйл ажиллагаагаа сурталчилж, танилцуулж, худалдааны гэрээ хэлэлцээр хийж, хөрөнгө оруулалт татдаг уламжлалтай. PDAC-2019 чуулга уулзалтын эхний өдөр буюу өнөөдөр Торонто хотноо Монгол Улсаа сурталчилсан Mongolia@PDAC2019 арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Mongolia@PDAC2019 арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрул, УИХ-ын гишүүн А.Ундраа нар үг хэлж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөгжил” сэдэвт илтгэл тавив.
Мөн арга хэмжээний үеэр “Хөгжлийн хурдасгуур томоохон төслүүд”, “Уул уурхайн хөгжил, хөрөнгө оруулалтын өгөөж” сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулж, Хөрөнгө оруулалтын орчны өрсөлдөх чадвар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Mongolia@PDAC2019 арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчид, зочид оролцон Монголын уул уурхайн салбарын томоохон төслүүдтэй танилцаж, цаашид баримтлах бодлого, ирээдүйн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм.
Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яам
Уншиж байна |