Монголын хөрөнгийн биржийн 2019 оны хоёр дахь IPO болох “Ард Кредит ББСБ” хувьцаат компани нь нийт хувьцааны 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийт санал болгосон. Ингэснээр анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрөөс энэ сарын 1-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч дууссан байна.
“Ард Кредит ББСБ” хувьцаат компанийн олон нийтэд санал болгосон хувьцааны анхдагч зах зээлийн захиалгад нийт 1763 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож нийт 7,318,438,999 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон татан төвлөрүүлэх доод дүнгээс 3 дахин давсан үзүүлэлт болжээ.
“Ард Кредит ББСБ” нь шинээр олон нийтэд санал болгож байгаа 35 сая ширхэг үнэт цаасыг хөрөнгийн биржийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын Захиалга бүртгэлийн аргыг ашиглан 70-85 төгрөгийн хооронд санал болголоо. Захиалгын дийлэнх нь 85 төгрөгөөр ирсэн хэдий ч үнэт цаас гаргагч “Ард Кредит ББСБ” болон андеррайтерийн компани болох "Ард Капитал ҮЦК" компанийн зүгээс биржийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөжийг харгалзан үзэж нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэжээ.
Тогтоосон ханшнаас доогуур захиалга өгсөн оролцогчдын захиалга биелэх боломжгүй бөгөөд 81 төгрөгөөс дээш өгсөн захиалгыг журмын дагуу 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилалт хийх аж. Санхүүгийн зохицуулах хорооноос “Ард Кредит ББСБ” хувьцаат компанийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.
Ард Кредитын IPO-ны андеррайтераар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтераар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр өмгөөллийн ИЭлСи ХХН, үнэлгээний байгууллагаар БДО Аудит ХХК, аудитын байгууллагаар Далайван Аудит ХХК тус тус ажиллажээ.
Уншиж байна |