“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо дампуурахад тулсан. Гэтэл үүнийг нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн хаацайлан, нуун дарагдуулж иргэдийг хохироох гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуулаас тодрууллаа.
-“Монкорд” хадгаламж зээлийн хоршоо дампуурсан. Гэтэл үүнийг СЗХ нуун дарагдуулж байгаа гэх мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-“Монкорд” хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацаа 2018 оны зургадугаар сард дуусгавар болсон. Тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлсэн. Тухайн үед зарим хадгаламж эзэмшигдчийн зүгээс энэ хоршоо хадгаламжийг эхний шаардлагаар буцаан олгохгүй байна гэсэн гомдлыг хороонд ирүүлээд байсан. Мөн өмнө нь манайхаас хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгасан биелэлт хангалтгүй байсан учраас СЗХ-ноос эхний ээлжинд газар дээрх шалгалтыг хийж үзээд түүний дараа энэ хоршооны зөвшөөрлийг сунгах эсэхийг шийдвэрлэхээр тогтсон. Өнгөрсөн оны долоодугаар сар болон 10,11,12 дугаар сард тус хоршоонд газар дээрх шалгалтыг хийсэн байгаа. Шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн. Илэрсэн зөрчлийг хороо өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд эрх бүхий субьектэд шилжүүлсэн байгаа. Тухайн шалгалтын дүн эцэслэн гарсны дараа энэ хоршоог цаашид үйл ажиллагааг нь явуулах эсхүл цуцлах шийдвэр гарна.
-Тус хадгаламж зээлийн хоршооноос авдар зараад худалдаа эрхлэгчдээс мөнгө авсан байна. Үүнийгээ хөтөлбөр гэж тайлбарлаад байгаа. ХЗХ-оод ийм төрлийн хөтөлбөр явуулж болох уу?
-Энэ бол олон улсад байдаг туршлага. Энэ нь тус хоршооноос хадгаламж эзэмшигчээс өдөр бүхэн тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулах нэг бүтээгдэхүүн байсан. Хоршооны хувьд уг бүтээгдэхүүн ямар үр дүн авчирсан бэ гэдгийг шалгалтын дүнгээр эцэслэнэ.
-“Монкорд” хадгаламж зээлийн хоршооны удирдлагууд нь ашиггүй ажилласан гэсэн. Энэ нь шалгалтаар илэрсэн болов уу?
-Шалгалтын дүнг эцэслэж гаргаад түүний дараагаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой болно.
Г.Сүрэн