УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан гэх баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн билээ. Тэрбээр “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид худалдсан гэх мэдээллийг өгсөн юм.
Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнөөдөр мэдээлэл хийхдээ энэ баримтаа баталгаажууллаа. Тэрбээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдсан нь ҮНЭН юм байна хэмээн батлав. Ингэхдээ “400 орчим сая ам.долларын үнэтэй гэгддэг Эрдэнэтийн 49 хувийг 40 сая ам.доллароор Сингапурт бүртгэлтэй компанитай Б.Номиндарь гэх бүсгүйд шилжүүлсэн байгаа юм. 1995 онд төрсөн Батсайхан овогтой Номиндарь гэдэг охинд Ц.Пүрэвтүвшин гэдэг хүнээс шилжсэн байна. Стратегийн орд газрын 49 хувь яагаад хоёр залуугийн гарт яваад байгаа юм бэ” гэсэн мэдээллийг өгөв.
Тэгвэл “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Цоож овогтой Энхтүвшин нь Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгдээд буй Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанийн гүйцэтгэх захирал /CEO/ нь юм байна. Харин тэрбээр Батсайханы Номиндарьд компанийн өмнөөс холбогдох бүхий л үйл ажиллагаанд оролцож, гарын үсэг зурах эрхийг олгожээ.
Ц.Энхтүвшин нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч. Тэгэхээр Ц.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувиа өөрийн удирддаг Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанид шилжүүлсэн бололтой. Ц.Энхтүвшин нь Сингапур улсад бүртгэлтэй ERDENET CORP PTE LTD компанийг дангаар эзэмшдэг байж ч болзошгүй аж.
Өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувь Монголын компаниас Сингапур улсад бүртгэлтэй компанийн эзэмшилд очсон бололтой. Үүнийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын хуулиас гараад явж байна гэсэн үг” хэмээн тайлбарлав. Хэрвээ “Эрдэнэт”-ийн 49 хувь Сингапур компанийн эзэмшилд бүртгэгдвэл Монголын УИХ, Засгийн газар, бүр шатны шүүхийн шийдвэр эрхзүйн чадамжгүй болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Бүртгэлийн мэдээллийг эндээс мөн эндээс үзнэ үү.
М.Болд