Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины технологи дэлхий даяар эрчимтэй хөгжиж энэ салбарт Европын улсууд болон манай өмнөд хөрш тэргүүлж 2020 он гэхэд томоохон хотуудынхаа автомашин болон нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгохоор зорьжээ. Bloomberg-ийн New Energy Finance судалгаанаас харахад одоогоор дэлхийд нийт 400 мянган цахилгаан автобус байгаа аж. Энэхүү цахилгаан автобус болон түүний цэнэглэх дэд бүтцийг Монголд нэвтрүүлэх, хэрэглэх боломжийн талаар энэ чиглэлээр дэлхийд технологийн хувьд анхдагч бөгөөд тэргүүлэгч болох АББ Группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяртай ярилцлаа.
-Цахилгаан тээвэр гэхээр манайхан голдуу троллейбусаар ойлгож төсөөлдөг байх. Гэтэл гибрид биш 100 хувь бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэгдээд зогсохгүй цахилгаан автобус дэлхийн хотуудын нийтийн тээвэрт ашиглагдаж байна. Үүнийг Улаанбаатар хотын замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал, агаарын бохирдлыг бууруулахад ашиглах боломжийн талаар яриагаа эхлүүлэх үү?
-Улаанбаатар хотын авто замын ачаалал үлэмж хэмжээгээр өсөж үүний сацуу хүлэмжийн хийн ялгаралт, автомашины хорт утаа маш их хэмжээгээр нэмэгдэж байна. Улаанбаатар хотын нийт агаарын бохирдолын 20 хувийг тээврийн хэрэгсэл ялгаруудаг бол үүний 80 хувийг зөвхөн дизель автобуснууд дангаараа ялгаруулдаг. Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 950 орчим том оврын дизель автобусууд үйлчилдэг. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан автобус явуулснаар ашиглалт, засвар үйлчилгээний зардал буурахаас гадна агаарын бохирдлыг бууруулах боломжтой.
Сүүлийн үеийн технологийн дэвшлийн үр дүнд цахилгаан автобусыг нэг удаа цэнэглээд 250-300 км зам туулах боломжтой болсон. Эцсийн буудлуудад 6 минутанд, завсрын буудлуудад шаардлагатай үедээ хүн буулгаж суулгахдаа 15 секундэд цэнэглэх боломжтой болсон. Манай нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг юм байна лээ. Дизель автобус сардаа 4 сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол цахилгаан автобус сард 800 орчим мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ. Энэ нь урсгал зардлыг 5 дахин хямд болгож, уг хэмнэлтээр автобус парк шинэчлэлтийг бүрэн хийх, тоо хүрэлцээг нэмэгдүүлэх, замын түгжрэлийг бууруулах, тасалбарын үнийг бууруулах боломжууд гарч ирнэ. Нийт парк шинэчлэлт хийх, цэнэглэх дэд бүтэц байгуулахад урьдчилсан тооцоогоор 250 сая орчим ам. доллар шаардлагатай гэж үзвэл дээрх дизель түлшний зардлыг цахилгаан хэрэглээнд шилжүүлснээр гарах хэмнэлт нь уг хөрөнгө оруулалтыг 6 жилийн дотор нөхөөд, төсвөөс аливаа татаасгүйгээр ашигтай ажиллаж болно. Энэ бол маш том бизнесийн боломж юм.
-Дэд бүтцийн хувьд манай улсад цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийн хүрэлцээ хангалтгүй, импортоор авч байгаа өнөө үед үүнийг хийх боломж хязгаарлагдмал юм шиг?
-Эрчим хүчний эх үүсгүүрийн хүрэлцээний хувьд бүрэн боломжтой. Шөнийн цагаар ашиглахгүй байгаа илүүдэл эрчим хүчийг бид ОХУ-д өртгөөс доор үнээр худалддаг. Тэгвэл цахилгаан автобус болон бусад цахилгаан машиныг шөнийн цагаар цэнэглэж хямд хөнгөлөлттэй тариф эдлэх боломжтой. Мөн импортын нефтийн бүтээгдэхүүний хамаарал болон түүний үнийн хөөрөгдлөөс ангижирч, дотооддоо үйлдвэрлэж байгаа цахилгаан эрчим хүчний шөнийн цагийн 200 орчим МВтын ашигтай хэрэглээг бий болгох ач холбогдолтой. Монголчууд байгаль экологидоо сөрөг нөлөөгүй, дэлхийн тэргүүлэх чиглэлийн судалгаа шинжилгээнд суурилсан технологийн шийдлийг хот, орон нутаг гэлтгүй хаа ч өдөр тутмын амьдралдаа ашиглах боломж бий болсон байна.
-Манай засгийн газар энэ талаар ямар бодлого, ажил явуулж байна вэ?
-Монгол улсын засгийн газар болон Нийслэлийн тээврийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэмжлэгтэйгээр тодорхой ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд зориулан 2018 оны байдлаар 90 орчим тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговорын (тарифын алдагдал, зардлын зөрүү) санхүүжилтэнд зарцуулсан байдаг. Монгол улс нефтийн бүтээгдэхүүнийг 100% импортлогч орон учир нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааралтай сүүлийн жилүүдэд дээрх санхүүжилтын мөнгөн дүн жил бүр өсөж ирсэн. Цахилгаан автобус ашигласнаар гарах энэхүү олон тэрбум төгрөгийн хэмнэлтийг бусад шаардлагатай байгаа нийгмийн олон салбарт ашиглах боломжтой болох юм.
Нийслэлийн засаг захиргаа болон ЗТХЯ хамтран цахилгаан автомашин хэрэглэхийг дэмжих, авто тээврээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, өнөөгийн автозамын нөхцөл байдал, олон улсын жишигт тохируулан хэд хэдэн зохицуулалт хийж байна. Тодруулбал жижиг оврын цахилгаан автобусыг турших, цахилгаан автомашин нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих, цахилгаан автомашиныг дугаарын хязгаарлалт үл хамааран бүх өдөр зорчих, тээврийн хэрэгслийн зарим татваруудаас чөлөөлөх зэрэг ажлуудыг хийсэн.
-Цахилгаан тээврийн эрин үед Монголчууд бид бэлэн үү?
-Одоогоор бол бэлэн биш байна. 10 гаруй жилийн өмнө анхны гибрид машин орж ирэхэд бид Монголд нутагшихгүй гэж бодож байсан. Гэтэл одоо нийт автомашины 60-70 хувь гибрид машин явж байна. Бид машин үйлдвэрлэдэггүй учраас хүссэн хүсээгүй шинэ, хуучин цахилгаан машин 5-10 жилийн дотор олноор импортлогдон орж ирэх нь гарцаагүй. Үүнийг харж бизнес болгож чадсан хүн хожино. Утаагүй, тортоггүй, эрүүл ирээдүй технологийн дэвшлээр л шийдэгдэнэ.
Цахилгаан эрчим хүчийг хүний амьдралд ашиглаж эхэлснээс хойш 130-аад жилийн хугацаанд техник технологи асар хурдтай хөгжиж, өнөөгийн технологийн эрин үед бид амьдарч байна. Шөнөжин цэнэглээд хэдхэн км явдаг байснаас хойш цахилгаан машин улам боловсронгуй болж хэдхэн минутад бүрэн цэнэглэж 400-500 гаруй км явах боломжтой болсон. Зай хураагуурын технологи хөгжиж овор хэмжээ, өртөг нь багасч, чадал нэмэгдэж, байгаль орчинд нөлөөлөх хор нөлөө нь буурч байгаа нь дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үе тун удахгүй өнгөрсөнд үлдэхийг сануулж байна.
“Утаа, хүлэмжийн хий, хорт хаягдлыг бууруулах, агаарын бохирдолтой тэмцэх гол аргын нэг, ирээдүйн чиг хандлага – гарцаагүй цахилгаан машин, цахилгаан тээвэр юм”.
Дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй орнууд цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, үйлдвэрлэлийг эрчимжүүлж, түүнийг шинжлэх ухаан талаас нь эрчимтэй судалгаа шинжилгээ явуулж, байгаль орчинд илүү үр өгөөжтэй, сөрөг нөлөөгүй шийдлийг эрэлхийлж байна. 2030 он гэхэд Хятад болон Европын Холбооны улсууд 100 хувь цахилгаан автомашин ашиглаж, нийтийн тээврээ цахилгаанд бүрэн шилжүүлнэ гэсэн зорилт тавьсан нь үлгэр биш болж байна. Алдарт Формула1 уралдаан Формула-Е гэх цахилгаан хувилбартай болсон байна. Автомашины уралдаан цахилгаан хөдөлгүүрийг сонгож байна.
Ногоон ирээдүйн төлөө дэлхий нийтээрээ санал нэгтэйгээр нэгдэцгээж байгаа энэ цаг үед манай улс ч гэсэн энэ чиг хандлагад нэгдэж байгаа билээ. Энэ нь бизнесийн ашиг орлого талаасаа бус улс орон, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэсэн ногоон ирээдүй юм.
Хөдөө орон нутгаас нийслэл руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэж байгаа бөгөөд үндэсний статистикийн газрын мэдээллээр нийслэлд 2018 оны 11-р сарын байдлаар 1,8 сая орчим хүн байнгын болон түр хугацаагаар оршин сууж байна. Үүнтэй холбоотой автомашин эзэмшигчдийн тоо жилээс жилд үлэмж хэмжээгээр нэмэгдэж (мөн үеийн байдлаар хагас сая автомашин болон өөрөө явагч тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна) Улаанбаатар хотын авто замын ачаалал өсөж, автомашины хорт утаа маш их хэмжээгээр нэмэгдэж байна.
Жил бүр агаарын бохирдлын эсрэг төсөл хөтөлбөрүүдэд төсвөөс ойролцоогоор нийт 1 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн хэдий ч агаарын бохирдол бодитой буурахгүй байгаа шүү дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Ярилцлагын төгсөлд та өөрийн байгууллагаа танилцуулаач. Энэ талаар танайх ямар ажил хийдэг вэ?
-Манай компани 130-аад жилийн өмнө цахилгаан эрчим хүч хүний амьдралд хэрэглэгдэж эхэлсэн үед үүсгэн байгуулагдаж, зуу гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч, автоматжуулалтын чиглэлээр байнга шинэ технологи, инновацийг бүтээж ирсэн түүхтэй, 150 мянган ажилчинтай, дэлхийн 100 оронд салбартай компани юм.
Цахилгаан автомашин, нийтийн тээврийн хувьд бид 15 секундэд цахилгаан автобус цэнэглэх чадалтай станцыг зохион бүтээн дэлхийн зах зээлд нэвтрүүлсэн. Монголын томоохон шатахуун импортлогч, түгээгч компаниуд болон Нийслэлийн нийтийн тээврийн газарт цахилгаан автобус цэнэглэх станц байгуулах төсөл санал болгоод байгаа. Нийтийн тээврийг бүхэлд нь цахилгаан болгоход урт хугацаа зарцуулагдах мэт санагдах ч, манай өмнөд хөрш ердөө найман жилийн дотор нэг хотынхоо нийтийн тээврийн хэрэгслийг 100 хувь цахилгаан болгосон жишээ байна. Энэ бизнесийг сонирхож буй хэнтэй ч бид хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэнд баярлалаа
Ярилцсанд баярлалаа.
Д.Батбаяр