Монголбанк анх удаа макро зохистой бодлого хэрэгжүүлж хэрэглээний зээлд хязгаарлалт тогтоогоод байна. Учир нь иргэд өнөөдөртөө илүү их ач холбогдол өгч ирээдүйгээ орхигдуулж, хэрэглээний зээлийг ихээр авч, өрийн дарамтад орох эрсдэл учраад байгааг бодлого боловсруулагчид олж харан эл шийдвэрийг гаргажээ.
Хэрэглээний шаталбараараа хүн хамгийн түрүүнд амьдрах орон гэр, байр сууцаа бэлдэх учиртай. Гэтэл залуучууд ажилд орж, цалинд залгасан даруйдаа найз бүсгүйнхээ хамт байр түрээслэн амьдарч, автомашин лизингээр худалдан авч унаж байна Залуу сард 500 мянган төгрөгний цалинтай ажилтай байлаа гэхэд 350 мянгыг нь автомашины зээлийн төлбөрт сар бүр төллөө гэх бодоход үндсэн цалингийнхаа асар бага хувийг өөрийн хэрэглээ, орон сууцны түрээсэнд төлж буй гэсэн үг. Тиймээс мөнгө хуримтлуулж, өөрийн гэсэн байрны урьдчилгаа цуглуулна гэдэг боломжгүй. Энэ мэтээр залуус өнөөдөрт илүү ач холбогдол өгч, ирээдүйгээ орхигдуулж буй тул төв банк хэрэглээний зээлийг хумих шийдвэр гаргажээ.
Арилжааны банкнаас гаргасан зээлийн хэмжээ нийт 19 их наядад хүрчээ. Үүний 50 хувийг аж ахуй нэгж, 50 хувь нь иргэд авсан бол зээлийн 4.5 их наяд нь орон сууцтай холбоотой байгаа бол мөн 4.5 их наяд нь хэрэглээний шинж чанартай иргэдийн зээл байна. Тэгвэл хэрэглээний зээлийн ердөө 19 хувь нь л сургалтын төлбөр, эмчилгээний зардалд зарцуулагдсан судалгааг Монголбанкнаас танилцуулав. Иргэд ихэнхи тохиолдол зээлээр хэрэглээгээ санхүүжүүлж удаан болон богино хугацаат хэрэглээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байна. Богино хугацаат хэрэглээнд автомашин ,электрон бараа зэрэг багтана.
Банк орлого олж л байвал хүний амьдралд төдийлөн санаа тавьдаггүй. Учир нь тэд ч бизнес эрхэлж, ашиг олж буй. Тиймээс иргэн өөрөө зээл авахаасаа өмнө ойр дотны хүмүүс нь “Iphone” гар утасны сүүлийн загварыг худалдаад авчихсан учраас дагаж хэрэглэх шаардлагатай болов уу. Эсвэл үе тэнгийнхэн, бизнес эрхэлж буй залуус шинэ загварын “Ланд Крузер-200” маркийн автомашин уначихсан учраас унаагаа солих хэрэгтэй гэж үзээд зээл авч байна уу. Наадмаар нутаг явах учраас удаан уулзаагүй хамаатан садан, нутгийн танилуудад “томорсон” харагдахын тулд үнэтэй машин лизингдэж байна уу гэдгээ саруулаар сэтгэж, маш ухамсартайгаар шийдвэр гаргах хэрэгтэй.
Хэрэглээгээ зээлээр шийдэж буй нь нэг талаараа сайхан. Нөгөө талдаа энэ бол зээл. Зээл гэдэг нь үндсэн төлбөртэй, хүүтэй өр. Энэ зээлийг ирээдүйн орлогоосоо төлнө гэж бодож иргэд авдаг. Энэ нь ирээдүйн хэрэглээгээ өнөөдөрт авчирч байна гэсэн үг. Ирээдүйн хэрэглээг хэт их нааш нь авчрах юм бол ирээдүйн хэрэглээ хэт их танагдаж, ирээдүйн эдийн засгийн эрэлт багасна. Цалин тогтмол биш хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс эдийн засаг хямрахад ажиллах цаг багасч, хугацаа алдаж, цомхотголд орж болно. Тэр тохиолдолд зээлдэгч эмзэг байдалд орж, өрийн дарамтанд орж эхэлнэ. Нэгэнт өрийн дарамтад орсон хүн эдийн засаг хичнээн “зөөлөрч” цалин нэмэгдсэн ч үргэлж өр төлөх нь л чухал байсаар байна. Маш их хэмжээний зээл аваад ирээдүйд түүнийгээ төлж чадахгүйд хүрвэл “Чанаргүй зээлдэгч” буюу хар жагсаалтад орно. Ингэснээр автомашин, электрон бараа лизингдсэн, түүнийгээ төлж чадаагүй гэх “хар түүх”-ээс болж хэрэгтэй үед орон сууцны зээл авч чадахгүйд хүрнэ.
Цаашлаад хэрэглээний зээлийг санхүүгийн байгууллага, банкууд гаргаж байгаа учраас эргээд маш сайн төлөгдөж байх ёстой. Төлөгдөж байж илүүдэл эх үүсвэрийг хөрөнгө оруулалтын эх үүсвэр болгох зуучлал явагдана. Зээл авсан хүн эсвэл түүний гэр бүлийн хүн ажлын байраа хадгалж байж зээл найдвартай эргэн төлөгдөнө. Хэрэв төлж чадахгүй бол банк, түүний харилцагчид “хохирно”. Тиймээс зээлийг зохистой түвшинд хадгалах ёстой.
2017 оны эхнээс хэрэглээний зээл маш хурдацтай өссөн байна. Хэрэглээний зээлийн ердөө 19 хувь нь л сургалтын төлбөр, эмчилгээний зардалд зарцуулагдаж буй бол үлдсэн хувь нь хэрэглээгээ санхүүжүүлэхэд буюу гутал хувцас гар утас авахад зарцлуулагдсан гэж хэлж болно. Иймд аль болох аж ахуй нэгж, бизнесийн зээл их гарч, иргэдийг ажлын байраар хангаж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх нэн шаардлага тулгарсан тул хэрэглээний зээлийн хугацааг хумиж 30 сар болгоход хүрчээ. Товчхондоо хэрэглээний зээлийн өсөлт хэт өндөрт хүрсэн тул олон хүн зээлийн дарамтад орох вий гэдгийг анхааруулж гуйгаад үр дүн гараагүй тул санхүүгийн аргаар тушаал гаргаж мөрдүүлэх гэж байгаа гэсэн үг.
Ингэж хэрэглээний зээлийг хязгаарлаж, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бодлогоор “хумьсан”-д зарим иргэд таатай хандахгүй байгаа. Учир нь зээлийн хугацаа урт байх тусам сард төлөх төлбөр бага, иргэнд очих дарамт бага. Гэтэл хугацааг нь багасгахаар сард төлөх төлбөр илүү өндөр болж өрийн дарамтыг улам нэмж байна гэж үзэх нэгэн ч бий.
Банк тухайн зээлдэгчийн бүх зээлийг нийлүүлээд түүнд төлж буй төлбөр нь сарын орлогынхоо 70 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж тооцоолдог. Гадаадын улс орны иргэд орлогынхоо 30-50 хувийг л зээлийн төлбөрт суутгуулдаг. Гэтэл манайд 70 хувиар нь зээлээ төлж байна. Үүнийг гадаад хүмүүс сонсвол цочирдоно.
Анхлан орон сууцны зээл 45 хувийн хязгаартай байсан бол сүүлдээ энэ үзүүлэлт 60-65 хувьд хүрч, зарим тохиолдолд 70-аас дээш хувьд хүрсэн байна. Тэтгэврийн зээлийн хувьд 92 хувьтай, ихэнхи нь 100 хувь зээлийн төлбөрт суутгагдаж байгаа нөхцөл байдалд очсон. Үүнээс улбаалан иргэд маш их өрийн дарамтад орж сүүлийн 7-8 жилийн хугацаанд өрийн дарамт хоёр дахин нэмэгджээ. Үүнийг даамжруулаад арга хэмжээ авахгүй явуулаад байх нь эдийн засгийн хувьд зөв биш, ирээдүйд эрсдэлтэй.
Монголбанк өрийн дарамтад орж, ирээдүйд хүүхдийнхээ боловсролд бус зөвхөн өрөндөө л санаа тавьж, өрөө л төлөхийн төлөө өдөр шөнөгүй ажиллуулахгүйн тулд хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлажээ. Одоо харин Монголчууд хэн нэгнийг даган дуурайж гоё ганган автомашин, гар утас лизингдэх хүслээ захирч сурах хэрэгтэй байна. Бас ээжийнхээ тэтгэврийг зээлүүлж автомашин худалдан авдаг “тэнэглэлээ” зогсоох хэрэгтэй, залуус аа.
Г.Сүрэн