-Өр тавьж ирээдүйгээ “барьцаалах” бус орлогоосоо хэрэглээгээ санхүүжүүлэх нь зөв-
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байхаар тогтоосон. Хэрэглээний зээлийн хязгаарлалтын талаар Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодрууллаа.
-2019 оны эхний өдрөөс хэрэглээний зээлийн дээд хугацаа 30 сар болсон. Ингэж зээлийн хугацааг хязгаарлах зорилго, шалтгаан юу байв?
-Хэрэглээний зээл их гарсан, иргэдийн өрийн дарамт сүүлийн 7-8 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Энэхүү нөхцөл байдлыг арилгаж, иргэдийн өрийн дарамтыг улам цааш нь газар авхуулахгүйн тулд, эдийн засгийн идэвхижилт, ирээдүйн тогтвортой байдалд чухал нөлөөтэй гэж үзсэн учраас олон жилийн үйл ажиллагааны үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцаа 70 хувиас хэтэрч болохгүй, хугацаа нь дээд тал нь 30 сар байна гэж заасны цаад агуулга нь иргэд дээр ирж байгаа өрийн дарамтыг цаашид бууруулах шаардлага байгаа гэж харж, үүнийг ч зорьсон. Нөгөө талаасаа эдийн засгийн бүтэц, санхүүгийн эх үүсвэрийн нөөц хувиарлалтыг харах юм бол энэ нөөц цаашид хөрөнгө, оруулалт биенесийн чиглэлийг дэмжих ёстой. Санхүүгийн бизнес эрхлэгчдэд түлхүү очиж чадвал ажлын байр нэмэгдэнэ, иргэдийн орлого нэмэгдэнэ. Үүний үр дүнд иргэд өр тавьж ирээдүйн хэрэглээгээ барьцаалж, түүнийгээ танах байдлаар өнөөдөр хэрэглээгээ нэмэгдүүлэх биш орлогоосоо хэрэглээгээ санхүүжүүлдэг бүтэц рүү аажим аажмаар шилжинэ. Мөн бизнес, хөрөнгө оруулалт цаашаа тэлсний үр дүнд эдийн засагт хуримтлал бий болж, хуримтлал бага байгаа асуудал шийдвэрлэгдэх ёстой. Өрийн дарамтыг хязгаарлахгүй бол нийгмийг ч эмзэг байдалд оруулж мэдэх учраас тодорхой түвшинд бууруулах ёстой гэсэн үг.
-Өрийн дарамт хоёр дахин нэмэгдсэн гэлээ. Үүнд голлон юу нөлөөлсөн бол?
-Өр, зээлийг ДНБ-д харьцуулаад үзэх юм бол 7-8 жилийн өмнө ДНБ-ний 17-18 хувьтай тэнцдэг байсан. 2018 оны байдлыг аваад үзэх юм бол 33-35 хувьтай тэнцэх хэмжээтэй буюу хоёр дахин нэмэгдсэн байна. Арилжааны банкуудаас зээлийн мэдээллийг аваад үзэхээр нийт сарын орлогынхоо дунджаар 70 гаруй хувийг нь зээлийн төлбөрт сар болгон шилжүүлж байх жишээтэй. Зарим тэтгэврийн зээл 100 хувь зээлийн төлбөрт явж байна. Тэгэхээр энэ нь эмзэг байдлыг бий болгож байгаа. Орлогын 30 хувь нь цаанаа үлдэж байна гэдэг хангалттай биш. Бид үүнийг цаашид илүү бууруулах ёстой.
-Банкны хэрэглээний зээлийн хугацааг хязгаарлаж банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг дэмжих гэж байна гэсэн асуудал яригдсан.
-Иргэд өндөр хүүтэй ББСБ-уудад хандах эрсдлэээс сэргийлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас ажлын хэсэг гараад ББСБ-ын зээлд судалгаа хийх ажил эхлээд явж байгаа. Санхүүгийн системийн тогтвортой байдал талаас нь авч үзэх юм бол банк, ББСБ хоёр өөр эрсдлийн орчинтой. ББСБ-ууд эрсдэл үүссэн тохиолдолд зөвхөн хөрөнгө оруулагч буюу уг байгууллагыг ажиллуулж байгаа хүмүүсийн хөрөнгийн эрсдэл байдаг. Харин банк бол харилцагчдын эх үүсвэрээр бизнес хийж зээлийн эх үүсвэрээ гаргаж байдаг учраас түрүүнд нь банкны хэрэглээний зээлийг хязгаарлах ажлыг эхлүүлэх ёстой. Хэрэглээний зээл нь банкны системийн тогтвортой байдалтай холбоотой учраас өнөөдөр чанаргүй зээлийн дунд иргэдийн хэрэглээний зээл бага дүнтэй байгаа боловч цаашдаа эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл дээр хэлсэн, өрийн дарамт хоёр дахин нэмэгдсэн байгаа нь тухайн иргэнийг өөрийг нь болоод өрхийг эмзэг байдалд оруулж байгаа. Аливаа нэгэн байдлаар эдийн засгийн мөчлөгийг дагаад ажлын байраа алдах, цалин орлого нь буурах тохиолдолд тухайн иргэн эргээд зээлээ төлж чадах эсэх эрсдэлд орно. Энэ нь эргээд арилжааны банкны тогтвортой байдал, цаанаа харилцагчдын мөнгийг хамгаалах асуудал яригдах учраас бид ирээдүйд учирч болох эрсдлээс хамгаалж энэхүү шийдвэрийг гаргасан.
-Шинэ зохицуулалтад тэтгэврийн зээлийг 18 сар, цалингийн зээлийг 30 сар зэргээр ангилах тухай тодорхой заасан уу? Зарим арилжааны банкууд тэтгэврийн зээлийг дээд тал нь 18 сараар олгож байна.
-Төв банкнаас 30 сар буюу 30 сараа хэтрүүлэхгүй гэдэг л хугацаа заасан. Харин түүнээс доош байж болно. Тэгэхээр 30-аас доош буюу 30 сар хүртэлх хугацаанд банк өөрөө бодлогоор шийдээд явах боломжтой.
-Зээлийн хязгаарлалт хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Тогтсон хугацаа байхгүй. Өнөөдөр бид орлогын 70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж буйг хязгаарлаж байгаа боловч бусад улс оронтой харьцуулахад энэ нь хэдий нь өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт. Тиймээс эдийн засгийн идэвхижилт сайн байгаа, орлого, цалин нэмэгдэж байгаа энэ цаг үе, боломжийг ашиглаад өрийн дарамтыг бууруулах нь зөв.
Г.Сүрэн