Эрдэнэс Тавантолгой компаниас өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 2018 оны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгөв.
Эрдэнэс Тавантолгой ХК 2010 онд байгуулагдсан. Энэ хугацаанаас хойш 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 45.8 сая тонн нүүрс олборлож, 4.6 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Зөвхөн 2018 онд тэрбум орчим ам.долларын борлуулалт хийсэн байна. ТУЗ-ийн 2018 оны баталсан төлөвлөгөөгөөр тус компани 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллах ёстой байсныг давуулан биелүүлж, 2 их наяд төгрөг олсон байна. Мөн 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг 510 тэрбум төгрөг болгон давуулжээ.
Өнгөрсөн онд тус компани 335 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах үүрэг хүлээсэн аж. Харин өдгөө 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгааг Б.Ганхуяг захирал хэллээ.
Мөн тус компани гадаад, дотоод бүх өр төлбөрөө төлж барагдуулсан байна. Чалко компани болон Хөгжлийн банкны 680 гаруй сая ам.долларын өр төлбөрөө бүрэн барагдуулсан аж.
Өр төлбөрөө бүрэн барагдуулсны дээр 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Эрдэнэс Тавантолгой ХК дэлхийн зах зээлд гарч, ижил төрлийн үйл ажиллагаатай компаниудтай өрсөлдөх боломжийг бүрдүүлж чадсан гэдгээ удирдлага нь хэлж байна.
Б.Учрал
Уншиж байна |