Оны төгсгөлд шинэ онд эхлэх шинэ бүтээн байгуулалтын ажлын гэрээ баталгаажлаа. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих гэрээнд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес, Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Он шилжиж байгаа энэ цаг мөчид манай салбарт түүхээ баяжуулсан арга хэмжээ болж байна. Энэ гэрээ хоёр талаас хүчин чармайлт гаргаж чадвал харилцан үр ашигтай гэрээ байгуулж болдгийн тод жишээ.
Оюутолгой манай эрчим хүчний салбарын хамгийн том хэрэглэгч. Гадагшаа ихээхэн хэмжээний валютын урсгалаа алдаж байгаа. 2023 онд Тавантолгойн цахилгаан станц ашиглалтад орсноор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний цахилгааны холбогдолтой заалт бүрэн хэрэгжинэ. Мөн гаднаас авч байгаа цахилгааны хэрэглээ маань зогсоно. Гадагш урсаж байгаа валютаа бүрэн эх орондоо авч үлдэх эдийн засгийн үр ашигтай ажил болно” гэдгийг онцлов.
Харин Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ гэрээг талархан хүлээн авч буйгаа тэмдэглэв. Мөн тэрбээр “Энэ гэрээг байгуулснаар Оюутолгой компани Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах замын зураглалыг тодорхойлж өгч байна. Оюутолгой компани төдийгүй өмнийн бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах урт хугацааны шийдлийг баталгаажуулж байна.
Оюутолгой компани дотоодоос эрчим хүч авах үүргээ биелүүлэхээр үргэлж хичээн чармайж ирсэн. Энэ гэрээгээр гүний уурхайн аюулгүй, тогтвортой үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Гүний уурхай ашиглалтад орсноос Монголын эдийн засагт оруулах хувь нэмэр улам нэмэгдэхийг та бүхэн мэдэж байгаа.
Монгол Улсын Засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, аюул осолгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн бизнесийг цогцлоохын төлөө ажиллана” хэмээн хэллээ.
Б.Учрал