“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн есдүгээр сард хэвлэлийн бага хурал хийхдээ “2018 оны эцэст 1 072 хувьцааг амь оруулж, иргэн бүрт ногдол ашиг тараана” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “IPO гаргасан ч, төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлсэн ч иргэдэд ногдол ашиг тараана” гэж ярьсан.
Тэгвэл 2018 оны төгсгөл тоологдож эхэллээ, ногдол ашиг хаана байна вэ? Энэ он дуусахад 10 хоног үлдлээ. Ажлын нэг л долоо хоног гэсэн үг. Энэ хугацаанд амжиж Б.Ганхуяг захирал хэлсэндээ хүрч, ногдол ашиг тараах уу. Ийм горьдлого тээсэн иргэд олон байгаа. “Данс нээлгэхгүй бол ногдол ашиг өгөхгүй” гэж айлган сүрдүүлсэн учраас хувьцаатай бүхэн дансаа нээлгэх гэж яарсан. Одоо ногдол ашиг орохыг хүлээж суугаа.
Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс ногдол ашиг тараах ямар ч шийдвэргүй байна. Иргэдэд ногдол ашиг тараах шийдвэрийг тус компанийн ТУЗ гаргах учиртай. Харин ТУЗ нь энэ онд ийм шийдвэр гаргахгүй нь тодорхой гэдгийг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлнэ лээ. Тэгэхээр Б.Ганхуяг захирлын хэлсэн үг хий хоосон учраас хүлээх хэрэггүй гэсэн үг. Бас “домогт” 1072 хувьцаа үхмэл хэлбэртэйгээр бас нэгэн оныг үдэх нь.
Б.Учрал