Манайхан алтаар ээмэг, бөгж, эмээл хазаар хийдэг гэх үндсэн ойлголттой. Харин макро эдийн засгийн хөгжил, валютын нөөц нэмэгдүүлэхэд алт тун чухал үүрэгтэй гэдгийг ухаж ойлгохыг хүсдэг нь эдийн засагчдыг эс тооцвол тун цөөн. Ерөөс хүн таньж мэдээгүй зүйлээ хайрладаггүй гэдэг. Магадгүй тиймээс ч алтаа улсын хилээр зөвшөөрөлгүй гаргах гэмт хэрэг гарсаар байна.
Алт олборлогчдын тушаасан алтыг Монголбанк Лондонгийн үнэт металлын ассоциацид гишүүнчлэлийн бүртгэлтэй 69 алт цэвэршүүлэх үйлдвэрийн дунд тендер зарлан сонгон шалгаруулж, дотоодоос худалдан авсан алтаа олон улсын жишигт хүргэн 995 сорцтой болгон цэвэршүүлдэг. Дараа нь цэвэршүүлсэн алтаа олон улсын зах зээлд арилжиж, ам.доллар болгон хөрвүүлдэг. Ингэж Монголын алт Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлдэг хэрэг.
Энэ оны хоёрдугаар улирлын мэдээгээр манай улсад 4.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний валютын нөөц байна. Гэвч энэ нь ердөө 4-5 сарын л нөөц аж. Валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд олборлосон алтаа Монголбанкинд тушаах нь чухал. Монголбанкинд тушааж байж уг алт улсын эдийн засаг хийгээд ханш тогтворжуулахад үр өгөөжөө өгөх учраас хаа хаанаа л хэрэгтэй байгаа юм. Гэвч манай улсын алтны нийлүүлэлтийн сүлжээ нэг л “эвлэж” өгөхгүй байгаа. Эх орны хөрснөөс олборлосон алт эргээд Эрдэнэсийн санд очиход тулгамдаж байгаа асуудлууд байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 46.1-т олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс Монголбанк ч үнэт металлын сорьцын хяналтын газраар хайлуулж, гулдмай болгосон, сорьц тогтоолгосон алтыг худалдан авдаг. Үүнд асуудал бий.
Алтыг ихэнхдээ орон нутгаас олборлож буй. Тухайн газар, нутагт үнэт металлын сорьцын лаборатори байдаггүй. Гэтэл олборлосон алтаа зайлшгүй хайлуулж, сорьцлуулж байж Монголбанкинд тушаах учиртай. Ингэхийн тулд зөвхөн Улаанбаатар хотод ирж Монголбанкны төв лабораторид хайлуулж, сорьцуулна. Мянган километрийн цаанаас 10 цэн алтаа тушаахаар Нийслэлийг зориход зардал мөнгө хийгээд цаг хугацаа багагүй шаардагдах учраас иргэд хотыг, төв банкыг зорих нь ховор.
Тэгээд ч манайхны зарим нь Газрын хэвлийг ухаж “төнхчин” байж олж хурааж, цуглуулсан алтыг нь хайлуулна, дээж авна, дараа нь сорьцлоно гэхээр хамаг ихэнхийг нь аваад үлдчих мэт ойлгох нь бий. Ийм ойлголттойгоор бичил уурхайчид Монголбанкинд бус хаа ченжид алтаа тушаах практик түлхүү байна. Эсвэл үнэд хүргэх зорилгоор алтаа “өвөртлөөд” хил давж, тэнд хууль бусаар худалдаалж байгаа нэгэн ч байгаа.
Хууль бусаар хил давсан алт эргэж Монголынх гэж нэрлэгдэхээсээ нэгэнт өнгөрнө. Сорьцлоогүй, “түүхий”-ээр хил давсан алт өөр нэг улс орны алт болж, өөр нэг орны валютын нөөцийг бүрдүүлж, эдийн засгийг нь дэмждэг гэсэн үг. Тиймээс л шударга олборлолт, шударга худалдаа хэрэгтэй байна. Сорьцлуулаад ном журмынх нь дагуу худалдах гэхээр Улсдаа сорьц тогтоох ганцхан лабораторитай, тэр нь Улаанбаатарт. Алтаа Монголбанкны эрдэнэсийн санд тушаахын тулд Улаанбаатар хотод очиж хоноод өглөө эртлэн босч үүрийн дөрвөн цагт төв банкны үүдэнд оочерлож байж хайлуулж, сорьцлуулдаг тухай алтны ченж эмэгтэй ярьсан. Багадаа л алтаа тушаагаад мөнгөө авахад хоёр хоногийн хугацаа шаардагддаг төдийгүй алтаа цүнхлээд явахад айдас ихтэйг ч учирлаж байлаа.
Харин өнөө жилээс алт тушаах амархан болжээ. Учир нь Баянхонгор, Дархан-Уул аймагт алт болон бусад үнэт зүйлсийн сорьц тогтоох лаборатори энэ оны аравдугаар сарын 15, 18-ны өдөр нээлтээ хийсэн. Алтны сорьц тогтоох лаборатори нээгдсэн сар гаруйн хугацаанд Дархан-Уул аймагт 107 кг алт, Баянхонгор аймагт 46 кг алтыг тус тус Монголбанк худалдан авчээ. Нийтдээ он гарснаас хойш Монголбанк арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 19.8 тонн алт худалдан авсан байна. Өмнөх оны энэ сарын энэ өдрийн байдлаар нийт 19.2 тонн алт худалдан авч байсан бол өнөө жил 3.2 хувиар алтны нийлүүлэлт нэмэгдэж, амжилтыг давсан байх юм. Алт худалдан авалт ийнхүү өмнөх оны мөн үеэс давахад орон нутагт байгуулсан алтны сорьц тогтоох лабораториуд ач тусаа өгсөн гэдгийг албаныхан хэлж байна.
Ерөөс энэ л дээ. Алтаа орон нутагтаа тушаах нь цаг зав, зардал мөнгөний хувьд хэмнэлттэй. Баянхонгор, Дархан-Уул аймгийн бичил уурхайчид алтаа хайлуулж, сорьцлуулаад аймгийн төвд байрлах Монголбанкны салбарт тушаагаад хоёр хонох биш хоёрхон цагийн дараа мөнгөө өөрийн дансанд шилжүүлээд авчихдаг болж. Мөн нэг чухаг зүйл гэвэл Баянхонгороос олборлосон алтыг Улаанбаатарт авчирч Монголбанкинд тушаахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр Улаанбаатар хотын санд ордог. Харин орон нутагт лаборатори нээгдсэнээр Баянхонгороос олборлосон алтыг Баянхонгортоо тушаах боломж бүрдээд байна. Тэгэхээр нөөц ашигласны төлбөр нь тухайн орон нутгийг хөгжүүлэх санд орно.Тэр мөнгө хөгжилгүйгээс эзгүйрээд байгаа аймгийн төв, сумдын хөгжилд чухал түлхэц болох юм. ЖДҮХС-ийн зээл шиг "буруу гараар" л орчихгүй бол...Монголбанк худалдаж авсан алтнаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу рояалти татвар гэж алтны үнийн дүнгээс 2.5 хувь, мөнгөний үнийн дүнгээс 5 хувийг суутган авч төрийн сангийн дансанд шилжүүлдэг.
Сорьц тогтоох лабораторийг одоогоор Дархан-Уул, Баянхонгор аймагт нээгээд буй. Үүнийг өргөжүүлж 21 аймагт нээчихвэл алтны нийлүүлэлтийн сүлжээг зөв гольдрол оруулахад хэрэгтэй л байгаа юм. Ийм лабораторийг төр өөрсдийн хөрөнгөөр байгуулаад явах бүрэн боломжтой. Хоёр лаборатори нээхэд 700 гаран сая төгрөг зарцуулагдсан. 700 сая төгрөг гэдэг 7 кг алтны үнэ" гэдгийг Швейцарын хөгжийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн зохицуулагч Б.Алтанбагана ярьсан.
Дараагийн нэг асуудал нь иргэд төв банк “том банк” учраас миний багахан алтыг авахгүй. Тэгээд ч хаанаас, хэзээ олборлосон тухай элдэв бичиг баримт шаардана гэж ойлгодог. Бас алтнаас минь дээж авч байгаа нь гээд ихэнхийг нь авчихна, тэгээд дээр нь татвар нэхнэ гэж халгах нь бий.
Угтаа Монгол банкны худалдан авах алтны жинд дээд, доод хязгаар гэж байхгүй. Мөн алт тушаахад иргэний үнэмлэх, арилжааны банкны данс л шаардлагатай.
Алтнаас дээж авахын тухайд Монголбанкны эрдэнэсийн санд тушаах алтан гулдмайг битүүмжлэх, түүний шинжилгээний дээж хадгалах, хяналт тавих журмын 1-ийн 7-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн алтан гулдмайг Монголбанк экспортод гаргаж цэвэршүүлэн холбогдох тооцоогоо дуусгаж шинжилгээний үр дүнгийн талаар ямар нэгэн маргаангүй нь батлагдсан талаар Монголбанкнаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу дээжийг эргүүлэн олгоно” гэсний дагуу дээжийг Монголбанкнаас зөвшөөрөл өгөх хүртэл хадгалдаг /5-6 сар хүртэл/. Шинжилгээ хийхдээ алтан гулдмайн хоёр талаас тодорхой аргачлалын дагуу өрөмдөж 3-5 грамм дээж авдаг.
Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Уг нь алт тушаах амархан. Олборлосон алтаа улсдаа тушааж, Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн гадаад валютын баталгааг хангах, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, улс орныг бүхэлд нь хамарсан дотоод болон гадаад хүчин зүйлийн улмаас үүссэн эдийн засгийн хямралт байдлаас түргэн хугацаанд гарахад иргэн, аж ахуй нэгжүүд хувь нэмрээ оруулж, монголынхоо алтыг монголдоо тушааж, монголынхоо эдийн засгийг дэмжмээр байна.
Манай монголын алт хольцгүй хамгийн эко гэдгээрээ дэлхийд үнэлэгдэж, тэрбумтнуудын хорхойг гозолзуулдаг бөгөөд тэд нэг дахин илүү үнэ төлж худалдаж авахад ч бэлэн байдаг. Гэтэл алтаа Монголбанкинд тушаагаагүйгээс улбаалан сорьцлоогүй, “түүхий” алт хууль бусаар хил давсаар л байна. Тодруулбал Монголбанк 2017 онд 20.01 тонн алт иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ байв. Гэтэл яг үүнтэй дүйцэхүйц хэмжээний алт хууль бусаар хил давсан гэдгийг эх сурвалжууд хэлсэн.
Г.Тэгшсүрэн