“Монгол Улсын хүн ам 3 сая, төрөөс цалинждаг 200 мянга, эндээс улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй 30 мянган албан хаагчтай. Төрөөс цалинждаг 30 мянган багш, 10 мянган эмч нийгэмд зайлшгүй хэрэгтэй нь мэдээж. Гэтэл төрд нийт хамаарагсад сүүлийн 10 жилд 70 мянгаар нэмэгдсэний дотор улс төрийн албаныхан 2500 байснаа 3500 болсон ба төрийн захиргааны алба хаагчид хоёр дахин нэмэгдэж 20 мянгуулаа болжээ...Монголын тэр хэтэрхий данхар учир рахиттай хүүхэд шиг харагдана” хэмээн нийтлэлч Баатар бичжээ.
Тэгвэл энэ данхар төрийг цомхон болгож, эдийн засгаа эрүүлжүүлэх боломж бидэнд бий юу гэдэгт хариулт хайж Монгол Улсад анх удаа хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, хязгаарлагдмал цомхон төрийг эрхэмлэгчид чуулж “"Данхар төр ба Монгол Улс" хэлэлцүүлгийг зохион байгуулж, үзэл бодлоо хуваалцаж байна.
“Liberty Summit Mongolia 2018” хэмээх энэхүү арга хэмжээг “Мизес монгол” ТББ, “Торгоны зам” сан хамтран зохион байгуулж байгаа юм. “Мизес монгол” ТББ-аас цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, цар хүрээг нь улам тэлж олон улсын арга хэмжээ болгохоор зорьж байгаа аж.
“Данхар төр ба Монгол Улс” сэдвээр философийн ухааны доктор Б.Батчулуун, “Монгол Айди” ХХК-ийн захирал Д.Энхчимэг, “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн, Дэ факто Жаргалсайхан, “Төртэй нийлсэн бизнес ба бизнесийн ёсзүй” сэдвээр УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, нийтлэлч Т.Батбаяр, судлаач Н.Хасар нарын хүмүүс илтгэл хэлэлцүүллээ.
Уншиж байна |