Хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 12 сая орчим толгой мал буюу нядалгааны жингээр тооцвол 400 мянга орчим тонн мах бэлтгэдэг байна. Үүний 90 хувийг гар аргаар, үлдсэн 10 хувийг л үйлдвэрийн аргаар бэлтгэдэг аж. Гар аргаар бэлтгэсэн, чанарын баталгаагүй мах нь эргээд хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй гэдэг. Тэгвэл махыг баталгаажуулж, стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
-Малчид малын эм, тариаг замбараагүй хэрэглэдэг. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа асуудлыг цэгцлэх ажлыг эхлүүлсэн гэв үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаараар Монголчууд хүнснээс гаралтай өвчлөлөөр дэлхийд маш дээгүүр байр эзэлж байгаа. Малчид замбараагүй эмийн хэрэглээтэй байна. Эмийн хэрэглээний эрсдлийг малчид төдийлөн сайн ухамсарлахгүй байгаа. Энэ нь өнөөдөр хүн амын эрүүл мэндэд ихээхэн сөргөөр нөлөөлж байна. Өнөөдрөөс малчдад Хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан мэдээллийг хүргүүлж байгаа. Өнөөдрөөс хоёр сарын хугацаанд “Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ”-г хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд мал төхөөрөх болон арьс ширний үйлдвэр, малчдын хоршоо, хүнсний сүлжээтэй форвард гэрэээ байгууллаа. Ингэснээр малчид, хоршоод Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд стандартад нийцсэн малын мах нийлүүлж хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Тодруулбал хөдөө аж ахуйн бирж малчид, малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрүүдээс захиалга авч, мал, мах, арьс ширийг спот болон форвард арилжаа хийх юм. Мөн хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар малчдад эмийн үлдэгдлийн хор хөнөөлийг ойлгуулах, хэрхэн малаа эмчлэх зэрэг ойлголтыг шат дараалалтайгаар өгөхөөр сургалт зохион байгуулна.
-Малчид малаа гар аргаар нядалдаг нь чанарын шаардлага хангахгүй байдал үүсгэдэг. Мөн махаа хаа, хамаагүй гудамж талбайд борлуулдаг. Энэ асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Энэхүү ажлын хүрээнд малчид, хоршоод Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махаа худалдаална. Өөрөөр хэлбэл бид малчдаас захиалга авч, дэлгүүрүүдэд нийлүүлнэ гэсэн үг. Ингэснээр малчид маань зөвхөн намар малын нядалгаа хийх биш жилийн дөрвөн улирлын турш, үйлдвэрийн, худалдааны байгууллагын шаардлага хангасан малын мах нийлүүлэх боломжтой болох юм. Мөн хаврын улиралд мал туранхай байх ёстой гэдэг ойлголтыг өөрчлөнө. Хавар ямар тэжээл өгвөл хонь тарган байх вэ гэх зэрэг мэдээллийг сургалтаар дамжуулан малчдад олгоно. Ингэснээр эцсийн эцэст малчдын орлого тогтвортой, махны үйлдвэрүүд жигд ажиллагаатай болж, Нийслэлчүүд жилийн дөрвөн улирлын турш гарал үүслийн баталгаатай махаар үйлчлүүлэх боломжтой.
-Аль аймгийн хэн гэдэг малчны, хэзээ хэрхэн төхөөрөгдсөн малын мах болохыг иргэд апплейкшн ашиглан мэдэх боломжтой гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Гар утасны андройд, IOS зэрэг үйлдлийн системийг ашиглан иргэд худалдан авч буй махан дээрх бар кодоо уншуулаад аль малчны, ямар гарал үүсэлтэй мах болохыг нь, аль махны үйлдвэрт бэлтгэгдсэн зэргийг хувь хэрэглэгч өөрөө хянаад явах боломжтой юм. Ухаалаг гар утасны “Мал эмнэлгийн гэрчилгээний систем” аппликэйшныг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээрх зураасан кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, тухайн малыг ямар мал эмнэлэгийн малын эмч хариуцаж байсныг, аль үйлдвэрт, хэзээ төхөөрснийг мэдэх болно. Энэхүү системээр баталгаажсан махны шошгоноос махан бүтээгдэхүүний талаар малчны нэр, мал эмнэлгийн шаардлагатай үйлчилгээнд бүрэн хамрагдсан үгүйг, хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас ирээгүй болохыг, эмийн үлдэгдэлгүй болохыг хянасан эсэхийг, хаагуур тээвэрлэж, тууварласныг, хаана төхөөрсөн тухай мэдээллийг авах боломжтой. Бидний хөгжүүлсэн энэхүү түүхий эд нийлүүлэлтийн систем нь мал төллөснөөс эхлээд малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүхий л үе шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг бүртгэн хадгалдаг учраас, асуудал гарсан тохиолдолд эргэж мөшгин буруутай этгээдийг илрүүлэн хариуцлага тооцох боломж олгож байгаа юм.
-Махнаас гадна арьс шир үнэгүйдээд байгаа. Өнөөдөр гэхэд ченжүүд хонины нэхий авахгүй байгаа тул малчид хаяж байна.
-Малын 90 хувийг гар аргаар бэлтгэж байгаа нь өнөөдөр арьс ширний үйлдвэрүүдэд том асуудал болоод байна. Гар аргаар нядлахаар арьс ширийг гэмтээдэг. Бүх арьсны 90 хувьд нядалгааны үеийн ямар нэгэн гэмтэл үүссэн байдаг. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад илэрч, зах зээл рүү гаргахад үнэ цэнэгүй бүтээгдэхүүн болон хувирдаг. Тэгэхээр арьс ширний үйлдвэр нядалгааны үеийн гэмтэлтэй арьс ширийг өндөр үнээр авахгүй. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо сайжирснаар 70 хувийн гологдолтой арьс, шир маань чанаржина. Стандартын шаардлага хангасан махны үйлдвэрт нядалгаа хийснээр арьсны гологдол, гэмтлийг шийдвэрлэх боломжтой.
Г.Сүрэн
Уншиж байна |