“И март” худалдааны төвийн хамт олон “Монгол хүн та 100 наслаг” уриан дор эх орны хөрсөнд ургасан эрүүл, найдвартай хүнсийг хэрэглэгч нартаа хүргэх зорилгоор “Фермерүүдийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрт одоогоор зургаан хүлэмж болон мах сүүний фермүүд хамрагджээ.“И март худалдааны төв энэхүү хүлэмж, фермүүдтэй хамтран ажиллаж Монголчуудад өглөө бүр эрүүл, шинэ хүнс, хүнсний ногоогоор үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж буй юм байна.
Имартын “Фермерүүдийг дэмжих хөтөлбөр”, түүнд хамтрагдаж буй байгууллагуудыг олон нийтэд танилцуулах зорилгоор тухайн байгууллагын хамт олон өчигдөр /2018.09.26/ сэтгүүлчдийг хамруулсан автобустай аялалыг зохион байгууллаа. Аялалын эхэнд Монгол дахь хамгийн том өргөст хэмхийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж буй “Төгс ургац” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэхүү хүлэмж нь А,В гэсэн үндсэн хоёр заалтай. Заал тус бүр нь 4032 метр, квадрат талбайтай бөгөөд нийтдээ 10080 метр квадрат талбайд өргөст хэмх тариалдаг байна. Энэхүү талбайгаас өглөө бүр шинэ өргөст хэмх хураан авдаг бөгөөд өдөрт хоёр тонныг хураан авч Нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг байна. Жилд нийт 500 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна С хэсэг буюу үрсэлгээний талбайтай юм байна. Энэхүү талбайд үрсэлгээ хийгдсэнээс хойш 14 хоног болон сарын дараагаас жимсээ өгч эхэлдэг гэнэ.
“Төгс ургац” ХХК нийтдээ 40 гаруй ажилтантай бөгөөд, хүлэмжинд 25 хүн ажиллаж байна. Хүлэмжийн ажилчид өглөө 06.00 цагаас эхлэн жимсээ хурааж эхэлдэг. Үүний дараагаар арчилгаа хийж, бүтээгдэхүүнээс савласнаар Нийслэл рүү бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж. “Төгс ургац” ХХК 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хүлээн авсан байна. Шинэ бүтээгдэхүүн гарсан цагаас хойш “И март” худалдааны төвтэй хамтран ажиллаж өглөө бүр шинэ өргөст хэмх нийлүүлж иржээ.
Энэ талаар тус компанийн маркетингийн менежер Д.Ариунболор хэлэхдээ “Бид 2017 оны дөрөвдүгээр сард анхны ургацаа хураан авсан. Тухайн үед нэг зааландаа улаан лооль, нөгөө зааландаа өргөст хэмх тариалсан. Харин энэ жил хоёр зааландаа зөвхөн өргөст хэмх тариаллаа. Тариалсан шинэхэн өргөст хэмхээ Улаанбаатар хотын нийт хэрэглэгчддээ хүргэдэг байгаа. “И март” болон “Барс” худалдааны төвүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Бүтээгдэхүүн мааань хямд өртгөөр эрүүл, шинээр хэрэглэгчдэд хүрдэг” гэлээ.
Өргөст хэмхний үрсэлгээ, арчилгааны талаар “Төгс ургац” ХХК-ийн ургамал хамгааллын ахлах ажилтан Д.Гантулга “Энэхүү хоёр зааланд дөрөв, дөрвөн сараар ээлжлэн тариалалт явагддаг. Нэг заалны тариулалт дууссаны дараа 10 мянган ургамал таригдаж, 14 хоногийн дотор бойжуулж, үрсэлгээний заал руу гаргадаг. Өглөө нэг заалнаас 750 кг өргөст хэмх авдаг. Одоогоор нэг зааланд тариалсан өргөст хэмхээ “И мартад” нийлүүлж байгаа. Өглөө бид ажилдаа ирээд хураалтаа 09.00 цаг хүртэл хийдэг. Хураалт дууссаны дараа боолтын автомашинаар савлагаа хийгдэж, Нийслэл рүү ачдаг байгаа” хэмээн ярилаа.
Энэхүү хүлэмж нь Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том өргөст хэмхний хүлэмж гэдгээр онцлогтой. Мөн Европын Голланд загварын бүрэн автомат хүлэмж юм. Голланд экспэрттэй. Тухайн экспэрт нь өөрийн улсаас энэхүү хүлэмжийн программыг хянан ажилладаг байна. Мөн мананжуулалт, температуртай холбоотой мэргэжлийн зөвлөмжүүдийг өгч ажилладаг аж.
Автомат хүлэмжийн ажиллагааны талаар ахлах агрономич Б.Хишигтогтох “Голланд технологийн автомат хүлэмжийн онцлог гэвэл бүх усалгаа автоматаар явагддаг. Бидний хувьд арчилгааг хийж, ургамалдаа сойлт хийж өгнө. Өглөө 07.00 цагт ажил эхэлнэ. Бид ажлаа эхлээд хамгийн түрүүнд ургамлаа харна. Сойлт хийхээр бол сойлтоо хийж, суганы нахиагаа авах шаардлагатай бол авна. Өдөрт бид найман цаг ажилладаг. Энэ хугацаанд ургамалд маань юу шаардлагатай байна тэр бүгдийг л хийж, гүйцэтгэж, эрүүл, шинэ хүнс хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг” гэв.
Энэхүү хүлэмж нь бүрэн автомат технологиор ажилладаг учраас хортн шавжнаас 100 хувь сэргийлж чаддаг байна. Уг хүлэмжийн хажууд хоёр дахь хүлэмийн барилгын ажил явагдаж байлаа. Энэхүү хүлэмж ашиглалтад орсноор нийт ургацын хэмжээ хоёр дахин нэмэгдэх бөгөөд нийтдээ 1000 тонн өргөст хэмх хураан авах хүчин чадалтай болох аж. Шинэ хүлэмж 8000 метр квадрат талбайтай байх юм байна.
Амьтай бүхэнд хайртай агрономич охины тарьсан амттай гүзээлгэнэ
Аялалын дараагийн хүрэх цэг бол Төв аймгийн Баянцогт сумын нутагт орших “Мөнх ногоон тал” компанийн “Элбэг ургац” ферм байлаа. Энэхүү ферм нь 2012 оноос жимсний аж ахуй эрхэлж эхэлжээ. Өнөө жил зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж буй бөгөөд биднийг боловсорч гүйцсэн, час улаан тэгээд амттай гүзээлзгэнээр дайлж, угтсан юм. Тавган дээрх гүзээлгэний амт, шим ирсэн зочдыг эрхгүй дуу алдуулж, гайхшруулсан. Идээ нь амттай байсныг түүнийг тариалсан агрономич охины эелдэг зан, эгэл төрхийг энд дурдъя.
“Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Давааням “Элбэг ургац” жимсний аж ахуй 2012 онд байгуулагдсан. Зургаа дахь жилдээ гүзээлзгэнэ тариалж байгаа. Анх ХХААЯ-наас зарласан “Гүзээлзгэнэ” хөтөлбөрийн дагуу гүзээлзгэнэ тарьж ургуулсан. Хоёр янзын технологиор тариалдаг. Нэгдүгээр эх орныхоо үржил шимтэй хөрсөн дээр тариалдаг. Хоёрдугаарт газар тариалангийн сүүлийн үеийн технолиор усан орчинд ургуулж байна. Энэхүү хоёр технологийг хослуулан тариалж, өнөөдөр жимсний тариалалтыг хөгжүүлэхийг зорьж байгаа. “Имарт” байгуулагдсан цагаас хойш хамтран ажилласан. Цаашид жимсний төрөл зүйлийг олшруулах зорилгоор Европоос бөөрөлзгөний дөрвөн төрөл, алим чавга тариалж, ирэх жилээс усан үзэм тариалахаар бэлтгэл хангаад байна” гэв.
Энд тариалсан гүзээлзгэнэ Монгол хөрсөнд ургаад, өглөө бүр шинээр хураагдаж хоёр цагийн дараа л хэрэглэгчдэд хүрдэг. Харин импортын гүзээлзгэнэ дор хаяж долоо хоногийн дараа хэрэглэгчдэд хүрдэг. Гэтэл гүзээлзгэнэ олон хоногийн хадгалалт тээвэрлэлт даадаг жимс биш гэдгийг агрономичид хэлж байлаа.
“Элбэг ургац” фермийн агрономич Э.Болорцэцэг “Манайх 2008 оноос хойш гүзээлзгэнэ тариалж байгаа. Сүүлийн таван жилийн хугацаанд гүзээлзгэнэ дагнан тариалсан. Манайх 18.5 га талбайтай. Үүний 0.4 га талбайд нь Голланд үрийн гүзээлзгэнэ тариалж байна. Ургацаа өглөө бүр шинээр нь хурааж, өдөр бүр Нийслэл рүү хүргэдэг. Сүүлийн гурван жилийн турш “И март” худалдааны төвтэй хамтран ажиллаж, нийлүүлж байна. Өдөрт 50-60 кг болон түүнээс ч их гүзээлзгэнэ хураан авдаг” гэв.
Тэрбээр 2015 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөж, төгссөн даруйдаа энэхүү фермд ажиллаж буй юм байна. Диплом өвөртлөсөн хүн бүхэн өнөөдөр дулаан оффист, ширээний ард суухыг хүсдэг бол Э.Болорцэцэг охин “Би амьд зүйлтэй харилцах дуртай. Тийм учраас энэ мэргэжлийн сонгосон” хэмээн өөртэй итгэлтэй, тэгээд бардам хариулах нь мэргэжилдээ хайртай болохыг нь илтгэнэ. “Хүнд эрүүл мэнд маш чухал. Эрүүл байхын тулд эрүүл хүнс хэрэглэх ёстой. Энэ миний зорилго” хэмээгээд инээвхийлэхдээ тэрбээр хачин жаргалтай харагдсан.
Гүзээлзгэнийг тавцанд болон газраар гэсэн хоёр янзаар тариалдаг байна. Тавцантай хүлэмжийг хавар тавдугаар сарын сүүлээс тариалж эхэлдэг бол газраар зургадугаар сараас тариалдаг аж. Гүзээлзгэнийг тариалснаас хойш 45 хоногийн дараагаас жимсээ өгч эхэлдэг байна. “Элбэг ургац” ферм гүзээлгэний найма хүлэмжтэй төдийгүй энэ жилээс улаан болон хар бөөрөлзгөнө, алим чавга зэргийг туршилтаар тариалж эхэлжээ. Энэ ферм 10 гаруй ажилтантай. Тэд гүзээлзгэнэ арчилгаа шаардсан ургамал болохыг агрономич хэлж байлаа.
Гүзээлзгэнийг өвлийн хүлэмжид тариалж болох ч одоогоор тийм хүлэмж байхгүй тул эднийх арваннэгдүгээр сарын дунд хүртэл гүзээлзгэнээ хураах аж.
Дэлхийн стандартад нийцсэн автомат технологийн сүр хүчийг гайхуулсан өргөст хэмхний шилэн хүлэмжтэй танилцсан, агрономич охины сэтгэлээ шингээж тариалсан амтлаг гүзээлгэнийг амталсан бидний аялал энэ хүрээнд өндөрлөсөн юм. Ферм, хүлэмжид ажиллаж буй агрономич, ургамал хамгаалагчдын сэтгэл зүрх, хөлс хүчээ шингээн тарьсан жимс, ногоо эрүүл тэгээд шинээрээ Имартын салбаруудаар жилийн 4 улирлын турш борлуулагдаж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, шинэ жимс, хүнсний ногооны чанарыг Имарт өөрийн лаборитори болон Мэргэжлийн хяналтаар давхар баталгаажуулагдан хэрэглэгчдийнхээ гарт хүрдэг байна. Имартын хэрэглэгчид эх орны хөрсөнд ургасан, эрүүл бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авч байгаа нь энэ төсөл хөтөлбөрийн гол зорилго биелж байгааг илтгэнэ.
Г.Сүрэн