ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгаллаа
2018-09-20

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2018 оны 9 дүгээр сарын 20-нд хуралдаж, Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

 

 

Хэрэглээний үнийн индексээр хэмжигдсэн жилийн инфляци 2018 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.0 хувь, Улаанбаатар хотод 6.4 хувьд хүрээд байна. Инфляци дунд хугацаанд төв банкны зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурахаар байгаа ч эдийн засгийн идэвхжилийг даган эрэлтийн гаралтай инфляци алгуур сэргэж байна.

 

Олон улсын зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн сэргэлтийг даган хөрөнгө оруулалт тэлж, улмаар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж байна. Эдийн засгийн эрчимтэй өсөлтийг харгалзан Монголбанк 2018 оны өсөлтийн таамаглалаа нэмэгдүүлсэн хэдий ч эдийн засгийн төлөв байдал гадаад эдийн засгийн орчноос өндөр хамааралтай хэвээр байна. Тухайлбал, том гүрнүүдийн хоорондох гадаад худалдааны хязгаарлалтын бодлогууд, зарим улс орнуудад хэрэгжүүлж буй олон улсын хориг арга хэмжээ, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, хөгжиж буй орнуудаас гадагшилж буй хөрөнгийн урсгал, ам.долларын ханш бусад валютуудын эсрэг чангарч буй хандлага, манай улсын импортын хэмжээ өндөр байгаа зэрэгтэй холбоотойгоор төгрөгийн ханш сүүлийн улиралд суларлаа. Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэж буй үед зах зээлд оролцогчдын санхүүгийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн гадаад болон дотоод тэнцвэртэй байдлыг хангах нь дунд, урт хугацааны тогтвортой байдалд чухал болоод байна.

 

Монголбанкны бодлогын хүүг хэвээр хадгалах энэ удаагийн шийдвэр нь инфляцийг дунд хугацаанд зорилтот түвшний орчимд тогтворжуулах зорилготой нийцтэй бөгөөд эдийн засаг, бизнесийн идэвхижлийг дэмжинэ.

 

Гэхдээ, Мөнгөний бодлогын хороо нь гадаад секторын нөлөөгөөр эдийн засагт үүсч болзошгүй эрсдэл, түүний цаашдын төлөв, дотоодын санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөг харгалзан үзэж, бодлогын хүүг өөрчлөх, макро зохистой бодлогын хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээний асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

Зээл хурдацтай өсч, өрхийн өр, импортыг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул макро зохистой бодлогын хүрээнд ипотекийн бус иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг 30 сараас хэтрүүлэхгүй байхаар тогтоож, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

 

Гадаад валютын орлогогүй, валютын ханшийн эрсдэлийг удирдах бололцоо хязгаарлагдмал иргэн, ААН, байгууллагад гадаад валютын зээл олгох нь эдгээр харилцагчдын өрийн дарамтыг нэмэгдүүлээд зогсохгүй, санхүүгийн систем болон эдийн засгийн эмзэг байдлыг нэмэгдүүлнэ. Иймд санхүүгийн системийн тогтвортой байдлыг хамгаалах үүднээс иргэд, ААН-д олгосон ханшийн эрсдэлтэй валютын зээлийн эрсдэлийн жинг 150% болгон нэмэгдүүлж, 2019 оны 1 сарын 1-нээс мөрдүүлэхээр тогтлоо.

 

Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

 

 

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Shuud.mn
Сонин хачин