Ресторан, зоогийн газар, кофе шоп, түргэн хоол, паб, бар/клуб/, караоке зэрэг зочлох үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид, ханган нийлүүлэгч, маркетинг, хоол үйлдвэрлэл, уух зүйлсийн мэргэжилтнүүд “Крокус эвент холл”-д чуулж байна. Учир нь тэнд “Respo expo 2018” мэргэжлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байгаа юм.
Үзэсгэлэнд 100 гаруй байгууллага, аж ахуй нэгж оролцож байна. Үзэсгэлэнгийн хүрээнд мэргэжлийн сургалт-семинар, ахлах тогоочийн Мастер Класс, хэлэлцүүлэг, бариста тэмцээн, бартендер тэмцээн, food market гэсэн таван ажил хэрэгч тусгай хөтөлбөр явагдана.
Үзэсгэлэнгийн хүрээнд явагдах семинарт 22 сургагч багш оролцож тодорхой сэдвийн хүрээнд сургалт явуулах юм. Тухайлбал ахлах тогоочийн “Master class” сургалтыг долоон багш ээлжлэн явуулах аж. Энэхүү сургалт нь 80 мянган төгрөгийн төлбөртэй бөгөөд сургалтын төгсгөлд батламж, хоолны нууц жор олгох юм байна.
Мастер сургалт өнөөдрөөс /2018.0917/ эхэлж байгаа юм. Монгол улсад топ гэгддэг ахлах тогооч нар болон олон улсаас нарийн техник технологи дээр ажилладаг мэргэшсэн Brand Chef нар сургалтыг удирдан явуулна. Үүгээр дамжуулаад суралцагч нар мэдлэг, чадвараа нэмэгдүүлэхээс гадна орчин үеийн, шинэ техник технологи дээр ажиллаж сурах зэрэг олон давуу талтай юм.
Энэхүү мастер сургалтын талаар тус үзэсгэлэнг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ө.Мөнхсайхан “Үзэсгэлэнгий хүрээнд “Master class” сургалт эхэлсэн байгаа. Өнөөдөр “Convotherm Merry Chef” брэндийн шарах шүүгээ, дэвшилтэт технологийн брэндийн тогооч ОХУ-аас ирсэн Стас Валенюк маань сургалтын салхийг хагалж байна. Энэхүү сургалтад оролцож буй суралцагчид сэтгэл өндөр байгаа тул цаашид сургалт маань амжилттай зохиогдоно гэдэгт итгэлтэй, сэтгэл өндөр байна. Сургалт гурван өдөр үргэлжилнэ. Сургалт бүр өөр өөрийн онцлог сэдвээр явагдана. Нийтийн хоолны салбарт хүч үзэж буй тогооч бүхэнд хэрэгтэй, бүх төрлийн сургалт явагдах учраас тогооч нараа цаг алдалгүй сургалтад хамрагдахыг урьж байна” гэлээ.
ОХУ-ын брэнд ахлах тогооч Стас Валенюк сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий шарах шүүгээг ашиглан хөлдүү пиццаг хоёрхон минутад жигнэж халаан, танхимд цугларсан олныг дайлж байлаа. Мөн загасыг олон янзаар хайрч, шарах, жигнэх зэргээр ахлах тогоочийн ур чадвараа харуулах бүрт сургалтад хамрагдсан олон алга нижигнүүлж байв. Стас Валенюкийг харах бүрт “Кухня” уран сайхны кино санаанд бууж байлаа. Тэрбээр сургалтын танхимд бичил гал тогоог буй болгож, ахлах тогоочийн ур чадварыг гайхуулж, танхимд цугларсан олноор бишрүүлж чадлаа.
Өглөөний 10.00 цагт эхэлсэн сургалт өдрийн 13.00 цагт дууссан даруйд түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө Монголд зочилсан танд баярлалаа. “Respo expo” үзэсгэлэнд оролцож буй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би Монголд ирээд тав хонож байна. Гэхдээ би ирсэн даруйдаа “Номадс”-ын сүлжээ ресторануудад ажилласан болохоор Монгол улсын орчин нөхцөлтэй танилцаж амжаагүй л байна. Би Монголд анх удаа ирсэн.
-Таныг анх харахад “Кухня” киноны ахлах тогоочтой их төстэй санагдсан?
-Тийм гэж үү. Бид нэг удаа хамтдаа телевизийн нэвтрүүлэгт оролцож байсан шүү.
-Та өөрийн ажил, мэргэжлийн талаар сонирхуулахгүй юу?
-Би түүхийн багш мэргэжилтэй. Одоо бол очиж үйлчлэх тоног төхөөрөмж танилцуулдаг “брэнд шеф”-ын ажил хийж байна.
-Түүхийн багш хэр нь тогооч болоход юу нөлөөлсөн бол?
-Би идэх дуртай учраас тогооч болсон /инээв.сур/. Миний эмээ тогооч. Тийм учраас гурван настайгаасаа л гал тогоонд эмээдээ тусалсаар тогоочийн мэргэжилд дурласан даа.
-Та Монгол тогоочийн хийсэн хоолыг амталж үзэв үү?
-Амталж амжаагүй л байна. Учир нь ирсэн даруйдаа ресторануудын шинэ мэню дээр ажиллаж, өөрөө хоол хийсэн учраас боломж гарсангүй. Гэхдээ өчигдөр “Номадс” сүлжээ рестораны Саруул ахлах тогооч болон технологич бид гурав хамтдаа хонины шаантийг ашиглаж хоол хийсэн. Түүнийг амталсан. Их таалагдсан шүү.
Түүний сургалтад хамрагдсан А.Мөнхдалай “Би тогооч мэргэжилтэй. Герман улсад тогоочийн ажил эрхлэдэг. Эх орондоо ирээд “Resto expo”-г зорьж ирэн сонирхож, сургалтад хамрагдаж байна. Сайхан арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Хоолны салбарт хэрэглэгддэг тоног тохооромж байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Өнөөдөр энэхүү сургалтаар орчин үеийн тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах арга хэрэгслийг сурталчилж харуулж байна. Хоолны салбарын ажилчдыг нэгтгэсэн сайхан үйл ажиллагаа болж байгаад баяртай ббөайна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Харин зочлох, үйлчлэх салбарын сургалт, хөгжлийн төвийн захирал Э.Болормаа “Resto expo бол зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ хөтөлбөр, цар хүрээний хувьд Монголдоо анх удаа гэж хэлж болохоор өндөр, түвшинд болж байна. Сургалтын хэмжээ, тавигдаж байгаа шаардлага, оролцож буй байгууллага, маркетинг зэрэг нь үнэхээр үлгэр дуурайлал болохуйц санагдлхх. Улсын хэмжээнд ийм сайхан зохион байгуулалтыг би анхдагч гэж хэлнэ” хэмээв.
“Respo expo” үзэсгэлэнгийн арга хэмжээ “Крокус эвент холл”-д 2018 оны 9 сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулагдана. Маргааш буюу есдүгээр сарын 18-ны 09.00-12.00 цагийн хооронд брэнд тогооч Лоцманов Артур “Istoma” брэндийн утлагын шүүгээг ашиглан сургалт зохион байгуулна. Мөн мастер тогооч, Монголын хоол үйлдвэрлэл үйлчилгээний мэргэжлийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Санчир, мастер тогооч, “Aseam Villa brook” рестораны ерөнхий тогооч Э.Энх-Алдар нар Ази хоолны чиг хандлага, махыг төрөл бүрийн аргаар болгох аргачлал сэдвээр сургалт явуулах юм байна.
Г.Сүрэн
Уншиж байна |