“Discover Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт эхэллээ. Чуулга уулзалтыг нээж УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Монгол Улсын тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл тавилаа. Тэрбээр:
-Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэхүү чуулганыг угтан тѳр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тѳлѳѳллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлэг ѳрнүүлж, ѳнѳѳгийн уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг нээлттэй ярилцаж, ойлголтоо нэгтгэсэн нь бидний цаашдын ажлуудын тулгуур болох юм.
Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр дэлхийн зарим орнуудын санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно.
Уул уурхайн салбар нь 2017 оны байдлаарманай улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувийг, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 74 хувийг,дотоодын нийт бүтээгдэхүүний 22 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтын 72 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засгийн тогтвортой өсөлтийн салшгүй нэгэн хүчин зүйлд зүй ёсоор тооцогдож байна. Уул уурхайн олборлох салбар нь 2018 оны эхний 7 сарын байдлаар 26.3 сая тн нүүрс, 764.4 мян.тн зэсийн баяжмал, 9.2 тн алт, 3.1 мян.тн молибдений баяжмал, 1.7 сая тн төмрийн хүдрийн баяжмал тус тус олборлож амжилт бүтээлээ ахиулж ажиллалаа.
“Эрдэнэс Тавантолгой”-н IPOбосгосноор нийт таван тэрбум долларын арав гаруй төслийн санхүүжилтийг шийднэ
УИХ-аас “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоолыг саяхан баталлаа. Мөн түүнчлэн Засгийн газрын холбогдох тогтоолууд гарч, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс дэмжсэн шийдвэрүүд гарлаа. Улс төрийн гол намууд, улс төрийн институциуд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал нэгдээд байна.
“Эрдэнэс Тавантолгой”-н сайн чанарын коксжих нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компанийн хувьцааны 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалахаар тогтлоо. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажил ид өрнөж байна. Энэ хүрээнд Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн засаглал, бүтэц, стандартуудыг өөрчлөх, сайжруулах, олон улсын мэргэшсэн зөвлөхүүдээс зөвлөгөө авах ажлууд хийгдэж байна.
Төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтыг төмөр зам, авто зам, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж зэрэг дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтад зарцуулж, Тавантолгой ордын үнэ цэнийг өсгөх чиглэлээр ашиглах болно. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн тулгамдсан гол асуудал болох уул уурхайн дэд бүтцийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлээ өргөжүүлэх, уламжлалт харилцаатай түншүүдтэйгээ илүү нягт хамтран ажиллах боломж бүрдэх болно.
Тавантолгойн ордыг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нүүрсний давхаргын метаны хйгауул олборлолтыг эхлүүлж, цаашид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилтын нэгэн томоохон хэсэг. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд оролцож буй хөрөнгө оруулагчид та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Бидний өмнө бизнесийн асар их боломжууд байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
“Эрдэнэс Тавантолгой”-нIPO- ийн үр дүнд босгосон хөрөнгөөр нийт таван орчим тэрбум долларын арав гаруй төслийн санхүүжилтийг шийдэж, Монголын улсын эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж, хөрөнгийн зах зээл идэвхижиж, ажлын байр нэмэгдэж, татвар төлөлт ихээхэн нэмэгдэх болно.
Өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ
Дэлхийн хэмжээний “Оюутолгой”-н зэс-алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15,000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Оюутолгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой гэсэн бидний байр суурийг бидний сайн түнш “Рио Тинто” компани ч мѳн хүлээн зѳвшѳѳрдѳг. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэхүү ажлын хэсэг нь “Оюутолгой” компани болон Монгол Улсын төрийн цаашдын хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан ойлголцолд хүргэнэ гэж найдаж байна. Хамтрагч түншүүдтэйгээ татвар, хүүгийн зардал бууруулах, зардлын хэтрэлтийг хязгаарлахад чиглэсэн яриа, хэлэлцээр өрнүүлж, тохиролцоонд хүрэх шаардлага байгаа бөгөөд энэ нь хамтын ажиллагааны хэвийн процесс бөгөөд “Оюутолгой”-н бүтээн байгуулалтад саад тотгор учруулахгүй гэдгийг хэлье.
Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасны дагуу тус компани нь эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд өмнийн говьд цахилгаан станц барих ажлыг эхлүүлэхээр судалж, хүчин чармайлт гаргаж ажиллахаа удирлагууд нь илэрхийлээд байгаа. Зөвхөн “Оюутолгой” төсөл төдийгүй өмнийн говийн эрчим хүчний хэрэглээг хангахад чухал үүрэгтэй цахилгаан станц барих ажил удахгүй эхэлнэ гэж найдаж байна.
Цаашид Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрчим хүчний хангамжийн асуудал, дотоодын бэлтгэн нийлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нэмүү өртөг шингэсэн зэс хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах чиглэлээр үе шаттай ажиллах болно.
Уул уурхайн салбараас олж буй орлогын менежментийг сайжруулах, өнөө болон хойч үедээ шударгаар хуваарилах, оролцоог хангасан өсөлтийг бий болгох, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний Баялгийн сан байгуулах, хууль эрх зүйн орчныг бий болгох бэлтгэл ажлыг хангаж байна.
Манай улсын уул уурхайн экспортын бүтээгдэхүүний зах зээл эерэг, хөрш орнуудын хамтын ажиллагаа шинэ шатанд өргөжиж, томоохон ордуудын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ажлууд хийгдэж, бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн интеграци улам бүр гүнзгийрэх хандлагатай байгаа үед бид бүхэн чуулж байна. Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хѳрѳнгѳ оруулалтын тун таатай боломж нээгдэж байна.
Уул уурхайн хайгуул, олборлолт, нэмүү өртөг шингэсэн боловсруулах салбар, шаардлагатай дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл 20 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо байна. Энэхүү өндөр хөрөнгө оруулалтын хэрэгцээг хангахад та бидний бүтээлч хамтын ажиллагаа шаардлагатай байна. Та бүхнийг бидэнтэй хамтран Монголын уул уурхайн салбарын шинэ үеийг эхлүүлэхийг урьж байна гэлээ.
Дараа нь “Оюутолгой компани гүйцэтгэх захирал Армондо Торрес “Дэлхийн түвшний уул уурхай Монголд” сэдэвт илтгэл тавьсан юм.
Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт үргэлжилж байна.
Н.Энх