“Coal Mongolia” чуулга уулзалт болж байна. “Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирсэн. Найм дахь удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор энэ сарын 4-5 өдрүүдэд Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд хэмжээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалтад оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ жилийн тухайд нүүрсний салбарт IPO гаргах асуудал яригдаж байгаа. Явцын талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:
-УИХ-аас IPO гаргах чиглэл өгсөн. Манай яам энэ чиглэлд амралтгүйгээр ажиллаж, бэлтгэл ажлыг хангаж байна. 12 дугаар сарын сүүлээр УИХ-д мэдээлэл өгөх үүрэгтэй. “Тавантолгой”-д IPO гаргахаар олон улсын стандартын шалгуур хангаж ажиллана. Засаглалыг хөгжүүлж, шаардлагад нийцсэн боловсон хүчний оролцоотойгоор үйл ажиллагааг явуулна гэсэн зарчмын байр суурьтай байна. “Тавантолгой”-н компанийн ажиллах заалтыг өөрчилж байна. Төлөөллийн байдлаар оролцоог хангах үүднээс 70:30 хувийн квот гаргасан. Хувьцааны бэлтгэлтэй холбоотой дотоодын хөрөнгийн бирж дээр тодорхой ажил хийж байна. Иргэдийн 1072 хувьцааны үр өгөөжийг ард түмэндээ хүртээхээр зорьж ажиллаж байгаа. “Тавантолгой” цаашдаа үр ашигтай ажиллахаар байгаа. IPO гаргах хүрээнд бэлтгэл ажлууд үргэлжлэн хийгдэж байна. Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам барих ажлуудыг барьж байгуулах, хөрөнгө санхүү татах чиглэлээр ажиллаж байна гэлээ.
Н.Энх
Уншиж байна |