“Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнөөдөр эхэлж байна. Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг энэ арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцоно. Талууд тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж гарц шийдлийг хайх юм.
Ирэх сарын 6-7-нд болох “Дисковер Монголиа” бизнесийн чуулга уулзалтыг Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
“Дисковер Монголиа” чуулга уулзалтын эхний өдрийн үндсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь" сэдвээр, “Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд" сэдвээр тус тус илтгэл тавина.
Чуулганы эхний өдрийн хуралдааны анхны хэлэлцүүлэг нь “Хайгуулаас мега төслүүд хүртэл” гэсэн сэдэв дор өрнөхөөр болжээ. “Дисковер Монголиа” чуулганы хоёрдугаар хуралдаан “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр” сэдвээр өрнөнө. Чуулга уулзалтын эхний өдрийн үдээс хойшхи хуралдаанууд “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанууд “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо: Хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвээр өрнөх аж. Энэ үеэр “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан "Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл”, МУУҮА-ийн Удирдах зѳвлѳлийн гишүүн Г.Сурахбаяр "Хүлээгдэж буй хууль эрхзүйн шинэчлэлүүд", “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн Татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна хэмээн чуулга уулзалтыг зохион байгуулагчид онцолж байна.
Н.Нягт
Уншиж байна |