Монгол Улсын Их сургуулийн оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн төв сургуулийнхаа үүдэнд тайван жагсаал зохион байгуулж байна.
Тус сургуулийн мэргэжлийн суурь хичээлүүүдийн нэг кредитийн үнэлгээ 19.9-.24.7 хүртэлх хувиар нэмэгджээ. Ингэснээр нэг оюутны хагас жилийн сургалтын төлбөр 1.5-2 сая төгрөг болж буй аж. Хичээлийн шинэ жилийн эхний улиралд нэг оюутан 12-21 кредит судлах ёстой юм байна. Энэ жил нэг кредитийн төлбөр 19200 төгрөгөөр нэмэгдсэн тул дунджаар 1.5 сая төгрөг төлж, хичээл сонголтоо хийх боломж бүрдэж буйг жагсаалд оролцож буй оюутнууд хэлж байлаа.
Тус сургуулийн оюутны холбооныы дарга Г.Мандах "Жилийн төлбөр 800-1 сая төгрөгөөр нэмэгдэж байна гэсэн үг. Оюутнууд бүгд эрхийнхээ төлөө тэмцэж байгаа учраас бүх курсийн оюутнууд жагсаалд оролцож байна. Би бизнесийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Анх намайг оюутан болж байхад 86 мянган төгрөг байсан бол одоо нэг кредитийн үнэ 100 гаруй мянга болж нэмэгдсэн. Курс ахих тусам сургалтын төлбөр багасдаг систем байхгүй болсон гэж хэлж болно. Жилээс жилд төлбөрийн асуудал гардаг, оюутнууд эсэргүүцдэг ч, хичээл сонголтоор бүгдийг хаачихдаг. Бид жагсаалыг хичээл сонголтоос өмнө хийхээр төлөвлөсөн ч зохион байгуулалттайгаар хичээл сонголтыг наашлуулсан гэж ойлгож байна" гэв.
МУИС-ийн хичээл сонголт наймдугаар сарын 27-нд эхлэх байсан ч оюутнууд төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсаал хийх сургаар өнөөдөр буюу 2018.08.24 болгон наашлуулсан болохыг тэрбээр хэллээ.
Тус сургуулийн оюутан “Би энэ жил хоёрдугаар курст орно. Эхний улиралд 12 кредит судлах учраас 1.5 сая төгрөг төлнө. Өмнөх жилүүдэд түвшин ахих тусам сургалтын төлбөр багасдаг байсан. Гэтэл энэ жил улам нэмэгдсэнд гайхаж байна. Сургалтын төлбөрийг ар гэрийнхэн, аав ээж маань л төлдөг учраас тэдэнд минь сургалтын төлбөрийн нэмэгдэл маш хүнд дарамт болж байна. Мөн хичээл сонголтыг 27-нд дуусна гээд хэлчихсэн болохоор түр тайвшираад хойш тавьчихсан байтал гэнэт өнөөдөр хаагдахаар болоод сандарч байна. Өнөөдөр 15.00 цагаас хичээл сонголт нээгдэнэ. Тэр хүртэл жагсана” гэв.
Тус сургуулийн 17 мянган оюутны төлөөлөл жагсаалд оролцож байна. Тэд "Төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Бид МУИС-ийн мөнгөний АТМ биш. Энэ сургуулийн 20 мянган оюутны ар гэр, амьдралыг бод, сургалтын танхимаа сайжруул зэрэг шаардлагыг бүхий лоозон барьсан байлаа.
Г.Сүрэн