Нэг цагийн ажлын хөлс 1904 төгрөг боллоо
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр болжээ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар өнөөдөр /2018.08.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талд үндэсний хороогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг авч хэлэлцжээ. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байгаа. Үүнийг 2017 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Хоёр жил тутамд нэгээс доошгүй удаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох хуулийн дагуу ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цагийн 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320 мянга төгрөг байхаар шинэчлэн тогтоожээ. Ингэснээр нэг өдрийн ажлын хөлс 15 мянга 200 төгрөг боллоо.
2019 оны улсын төсвийн төсөл боловсруулах асуудал одоо яригдаж байгаа тул энэхүү шийдвэрийг яаралтай гаргасан болохыг ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ. Тэрбээр "Монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Сарын 240 мянган төгрөгний цалин хөлсөөр аж амьдралаа залгуулна гэдэг хүнд. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг бол төрийн албан хаагчдын цалин, хөлстэй холбоотой асуудал биш юм. Тодорхой мэргэжил, боловсрол шаардахгүй энгийн ажил гүйцэтгэсэн хүнд олгож байгаа цалин хөлсний хэмжээ. Улсын хэмжээнд мөрдөх хамгийн доод цалингийн хэмжээ. Төрийн албан хаагчдын цалингийн хамгийн доод хэмжээ одоогоор 380 мянган төгрөг байгаа. ОУВС-тай хийсэн гэрээ, хэлэлцээрийн дагуу энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэнэ" гэв.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 онд 420 мянган төгрөг болгоно
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар "Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь 9 болон 12 дугаар анги төгссөн үгүй бол цэргээс халагдаад ирсэн мэргэжилгүй залуусыг ажилд авахад олгох ёстой цалингийн хамгийн доод хэмжээ. Энэхүү шинэчлэн тогтоосон 320 мянган төгрөгийн цалин гэдэг нь нэг өдөрт нэг ажилчинд 15 мянган төгрөгөөс доош цалингүй өгөхгүй шүү гэдэг ойлголт юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж буй нь залуучууд ажил хийх хүсэл эрмэлзэл дээшилж, ажил хийх хүсэл сонирхлыг бага ч болов дэмжих юм болов уу гэж үзэж байна. Хоёрдугаар бүтэн тэтгэврийн доод хэмжээ гэж ойлголт бий. Тэтгэвэрт гарсан хүний доод хэмжээ 280 мянган төгрөг. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Гэтэл ажил хийхээр ирж байгаа 12 анги төгссөн залуучууд өвөөгөөсөө бага цалин авна гэдэг хүнд асуудал. Тийм учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчдод 300 мянга байлгах саналыг өгсөн. Үйлдэрчний эвлэл 400 мянга байлгах санал өгсөн. Ярьж ярьж бид 2019 онд 320 мянга болголоо, 2020 онд 420 болгоно. Тиймээс Монгол хүнд 240 мянган төгрөгийн цалин өгч сэтгэлээр унаж байхаар доод тал нь 320 мянган төгрөгийн цалин олгоорой. Ажилтандаа 320 мянган төгрөгийн цалин өгч чадахгүй бол бизнесээ зогсоо гэдэг шахалтыг бизнес эрхлэгчдэд үзүүлнэ" гэлээ.
Цагийн ажлын хөлсний доод хэмжээ нэг долларт хүрнэ
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Өнгөрөгч баасан гарагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо хуралдсан. Энэхүү хуралдаанаар УИХ-ын цалин мөнгө царцаасан, төсвийг хэмнэлийг горимд шилжүүлэх тухай зарим зүйл заалтуудыг хүчингүй болгох асуудал дээр гурван талт хороо санал нэгдсэн байгаа. Эхний хуралдаанаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэх асуудалд бид санал нэгдээгүй. Дахин ням гарагт хуралдаад Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянга болгох шийдвэр дээр үндэсний хороо санал нэгдэж шийдвэрээ гаргасан. Улмаар 2019 онд 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шийдвэрийг гаргалаа. 75 хувиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2019-2020 онд нэмэгдэж байна. Өмнө нь бид 30 хувиар нэмэгдүүлж байсан бол Монгол хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байгаа. 2020 онд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг доллар буюу 2500 төгрөгт хүрч байгаа юм" гэв.
Монгол Улс нийт 1 сая 100 мянган ажиллагсадтай. Үүнээс 8 хувь нь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.
Г.Сүрэн
Уншиж байна |