Энэ зуны бороо зам гүүр, барилгын компаниудын тарыг таниулж, орон сууцнуудын чанарыг шалгаж эхнээс нь дүнгээ тавьж байна. “Зууны мэдээ” сонин энэ талаарх эхний сурвалжлагаа “Мантуушийн маапаан-4” гэсэн гарчгийн дор өмнөх дугаартаа хүргэсэн билээ. Энэ удаа Зайсангийн ам, Туулын хөвөөнд сүндэрлэсэн орон сууцнуудад эрсдэл гарсан тохиолдолд зээлдэгчид болон оршин суугчид хаачих вэ гэдгийг холбогдох байгууллагуудаас тодруулахыг зорьсон юм.
Хан-Уул дүүрэгт нийт 40 барилгын суурь усанд автсан. Мэргэжлийн байгууллагууд үүнийг хөрсний усны түвшин дээшилсэн хэмээн тайлбарлаж буй. Ихэнх байрны цахилгааны шит гараашид байрладгаас ус зайлуулахаар орсон хоёр хүн тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Учир нь эдгээр барилгыг барьсан компаниудын ихэнх нь өнөөдөр байхгүй. Татвар, барилгын чанар, аюулгүй байдлыг хариуцахаас зайлсхийж олонх нь компаниа татан буулгаад алга болсон. Нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад хаа нэгтээ барилга бариад явцгааж байгаа. Эрсдэлтэй бүсэд газар олгосны хариуцлагыг ч хүлээх эзэн мөн алга. Энэ асуудлыг хянадаг газар, хариуцлага тооцдог тогтолцоо алга.
Өнөөдөр тэдний барьсан барилга, орон сууцны хорооллуудын суурь усанд автаж суулт өгсөн, зарим нь хазайж, хана нь цуурсанд иргэд, оршин суугчид сэтгэл зовниж байна. Цаашлаад газар хөдлөлт болбол юу болохыг таашгүй юм. Тэгвэл үүнийгээ ил гаргах зориг иргэд, оршин суугчдад дутаж буй бололтой. Өөрөөр хэлбэл, тэдний дотор “Хүнд хохирол амсаагүй дээрээ байраа заръя”, “Орон сууцныхаа чанарыг мэдсэнээс өөр байраар солилцоо хийе” гэсэн бодол байх шиг. Үүнийг үл хөдлөх хөрөнгийн худалдааны зар, зуучлалын газруудаас гаргасан мэдээлэл, цахим орчин дахь хувь хүмүүсийн тавьж буй зарлал, хаяг байршил зэргээс харж болно.
Ерөөс хэдэн хоногийн борооны дараачаас л Туулын хөвөөнд ийм ч хаус, төдөн өрөө орон сууц хямдхан зарна, солино, машин, зуслангийн газар оролцуулж болно гэсэн зар хөвөрсөн. Энэ нь нэг юм хэлээд байна. Нөгөөтэйгүүр, Зайсангийн ам, Туулын хөвөө нь усны ундарга, хөрсний усны түвшин өндөр байдаг цэвдэг бүхий газар, барилгын компаниуд газрын байгаль орчны эрсдлийн үнэлгээ хийлгэлгүй орон сууц бариад зарчихсан. Үер бууж хөрсний гулгалт болоход Туулын хөвөөн дэх орон сууцнууд үерт урсаад явчихад гайхах зүйлгүй гэсэн үг мэргэжлийн хүмүүсийн амнаас гарч байгаа юм. Тэгвэл Барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Барилга барих газарт судалгаа, дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ чиглэлд манайд юу ч алга. Хөрсний ус дороосоо заавал гарч ирнэ. Ялангуяа ус ихтэй газар барилга, байшин барих тусгай технологи гэж бий. Түүнийг мөрдөж ажиллаагүйгээс болж хаа хамаагүй барилга, байшин бариад дараа нь хөрсний ус нэвчээд гараад ирдэг явдал байна. Байгаль үүнийг байнга шалгаж ирсэн. Тэр шалгалтыг давахын тулд барилгынхаа норм, дүрмийг л чанд баримтлах хэрэгтэй. Уг нь гурван талт хэлэлцээр гэж Баарилга,хот байгуулалтын яам, Үйлдвэрчний эвлэл, Монголын барилгачдын нэгдсэн холбоо байгуулсан боловч хэрэгжилтийг хянах, зохицуулах асуудал нь яамны нэг мэргэжилтэн дээр очоод гацчихсан байх жишээтэй. Доод түвшиндээ ийм байгаа учраас ажил хэрэг болдоггүй. Тэгээд Барилгачдын холбооноос юм хүлээгээд байдаг, тэд л асуудлыг дэвшүүлж тавих ёстой гэж байх шиг. Нэг талаар энэ нь зөв ч нөгөө талаар төрийн зүгээс анхаарал суларч байгаа нь буруу” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Дээр нь цахилгаан дулааны талаас ч дээрх байрууд асуудалтай. Цахилгаан үүсгүүр ТПК-ийн даац хэтэрчихээд байхад авлига, танил тал, эрх мэдлээр холболт хийлгэсэн тохиолдол цөөнгүй. Цэвэр, бохир усны өргөлтийн насосны даац хэтэрсэн байхад ч мөн л ямар нэг аргаар холболт хийлгэчихсэн байдгаас өвөл болгон бохир нь хальдаг “Өмхий хороолол” олон бий. Тэгвэл энэ бүхнийг тэсч тэсвэрлэж ирсэн иргэд, оршин суугчдад энэ жил том гай нүүрлэсэн нь суулт өгч хазайсан, хана туурга нь цуурсан чанаргүй орон сууц нурвал хаачих вэ гэдэг асуудал. Хэчнээн жил хуримтлуулсан мөнгөөрөө арай гэж авсан, заримынх нь насаараа төлөх өр үүрч өчнөөн жилийн зээлийн гэрээгээр авсан байранд ийм эрсдэл нүүрлэснийг хэн хариуцах вэ.
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ДААТГУУЛААГҮЙ ЮМ БИШ БИЗ?
Мэргэжилтнүүдийн хэлж байгаачлан Туулын хөвөөн дэх барилгууд үер, хөрсний гулгалтын улмаас нурвал, сошиалд хүмүүсийн бичээд байгаа шиг урсаад явчихвал хамгийн түрүүнд “Та үл хөдлөх хөрөнгөө даатгуулсан уу” гэдэг асуудал тавигдана. Даатгагчдын холбооноос энэ талаар тодруулахад иргэд орон сууцны зээлд хамрагдаж үл хөдлөх хөрөнгө авсан эхний жилээ даатгалын компанид хандаж даатгал төлдөг. Эхний ганц, хоёр жил төлөөд больчихдог. Нэг талаас даатгал төл гэж албадах боломжгүй. Нөгөө талаас иргэд даатгалын ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй, зарим нь ойлгохыг хүсдэггүй зэрэг зовлонтой байдал байгааг хэлж байна. Ер нь бол сүүлийн жилүүдэд осол их гарах болсноор иргэд жолоочийн хариуцлагын даатгал төлөх нь нэмэгдсэн, харин үл хөдлөх хөрөнгөө даатгуулахад хойрго ханддаг юм байна. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөө даатгуулаагүй явж байгаад эрсдэл үүссэн тохиолдолд энэ талаас ямар ч боломж гарахгүй гэсэн үг. Харин Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний газрууд эрсдэл гарсан тохиолдолд тухайн гарсан хохирлын үнэлгээг хийдэг. Нэг талаас тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш анхныхаасаа буурах, нөгөө талаас иргэд хохирох магадлал өндөр байдгийг хэлж байна.
БАРИЛГА НУРСАН Ч, ЗЭЭЛ ТӨЛӨЛТ ЗОГСОХГҮЙ
ХАС, Худалдаа хөгжлийн банкны мэргэжилтэн, эдийн засагчдаас зээл авсан иргэдийн үл хөдлөх хөрөнгө, орон сууц нурах, суулт өгч хазайх зэрэг ямар нэг эрсдэл үүссэн тохиолдолд зээл төлөлт үргэлжлэх үү гэдгийг лавлахад “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ. Зээлээ графикийн дагуу төлөөд явна. Эрсдэл гарсан тохиолдолд мэдээж холбогдох байгууллагууд хяналт шалгалт хийж, дүгнэлтгээ гаргаж таарна. Хэрэв орон сууц нурсан тохиолдолд иргэдийг өөр байранд шилжүүлэн байрлуулах зэргээр төрөөс зохицуулалт хийх байх. Энэ нь холбогдох байгууллагуудын хариуцах асуудал. Бид зөвхөн гэрээний дагуух зээлийн асуудал, зээл төлөлтийн асуудлыг л хариуцдаг. Хэрэв тухайн барилга нь хүн амьдарч болохгүй болж төрөөс зохицуулалт хийж өөр байранд шилжүүлбэл ямар нэг орлуулсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээлийн гэрээг эргэж шинэчлэх зэрэг зохицуулалтууд л хийгдэх болов уу” гэв.
Туулын хөвөө, Зайсангийн аманд баригдсан барилгаас болж иргэд хохирвол хариуцах эзэн алга. Харин орон сууц нурсан ч зээл авсан иргэд зээлээ төлөх ёстой гэдэг цорын ганц үнэн л тэнд үйлчлэх бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол