Манай улсыг зорих жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Жуулчдын асуудлаар БОАЖ-ын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С. Баясгалантай ярилцлаа.
-Манай улсад энэ онд хичнээн жуулчин айлчилсан бэ? Жил ирэх тусам манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа гэдэг?
-Эхний хагас жилийн байдлаар монгол улсад 220 орчим мянган жуулчин ирсэн байгаа. Гэхдээ аялал жуулчлалын оргил үе болох 7, 8-р сарын тоо ороогүй гэсэн үг. Харин 2017 оны эцсийн байдлаар Монгол улсад 470 гаруй мянган жуулчин ирсэн бөгөөд 2016 онтой харьцуулвал 14 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Аялал жуулчлалын салбараас дотоодын эдийн засагт 2017 оны хувьд 400 сая гаруй ам.долларын орлого оруулсан Тэгэхээр Монголд ирэх жуулчдын тоо жилд дунджаар 10 гаруй хувийн өсөлттөй явж байна гэсэн үг.
-Манай Улсад ихэвчлэн аль улсаас жуулчин ирдэг вэ?
-Газарзүйн байрлалын хувьд Монгол улсад ирж байгаа жуулчдын тоогоороо БНХАУ, ОХУ тэргүүлж байгаа. Түүнээс гадна Япон, БНСУ, АНУ, Англи, Герман улс жуулчдын тоогоороо эхний аравт багтаж байгаа.
-Ирсэн жуулчид ихэвчлэн аль газар, нутгийг сонгон аялж байна вэ? Монгол улсын хувьд жуулчдад үзүүлэх газар нэмэгдэж, хөгжиж байгаа юу?
-Монгол улсад 1950-иад оноос орчин үеийн аялал жуулчлалын салбар хөгжиж эхэлсэн. Тухайн онуудад Хөвсгөл, Говь, Улаанбаатар хотын горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газруудыг үзүүлдэг байсан. Энэ газрууд манай улсын уламжлалт аялал жуулчлалын газар болчихсон. Харин одоо ирж байгаа жуулчдын хувьд дэд бүтэц нь илүү их хөгжсөн, жуулчдын очоод сурчихсан газар болох Хангай, Төв, Хөвсгөл, Булган гэх зэрэг газарт дотоод, гадаадын жуулчдын урсгал чиглэдэг болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр дэд бүтцийн хөгжил болон авто замын хөгжилтэй шууд холбоотой байдаг. Түүнээс биш аялал жуулчлалын нөөцийн хувьд Монгол улс өөрөө бүх аймгууддаа аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөцтэй байдаг. Ялангуяа баруун болон зүүн аймгуудад. Зүүн аймгийн хувьд бол Чингис хааны төрсөн нутаг үзэсгэлэнт байгалтай, баруун аймгийн хувьд бол түүх соёлын хувьд бол өрсөлдөх давуу талтай адал явдалтай аялалыг бий болгох тогтоц байгальтай газар байдаг. Тэгэхээр яагаад тэр газруудруу жуулчдын тоо харьцангуй бага байна вэ гэхээр дэд бүтцийн хувьд сул байгаагаас болдог. Одоо Улаанбаатар хотод буусан жуулчин Увс, Ховд, Баян-өлгий зэрэг аймаг руу явахад дор хаяж хоёр хоногийг зарцуулдаг. Тэндээ очоод аялж, зугаалаад эргээд ирхэд хоёр хоногийг зарцуулна. Мөн зардлын хувьд харьцангуй их учраас жуулчдын тоо бага байдаг. Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаашдаа баримталж байгаа зарчим бол бүх орон нутаг аймаг руу аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг хийхээр зорьж байгаа.
-Монгол улсад ирсэн жуулчин нэг удаагийн аялалдаа хичнээн төгрөг зарцуулдаг бол?
-Жуулчдын зардал нь тэр жуулчин ямар шалтгаанаар ирж байгаа, ямар аялалаар ирж байгаа, ямар улсаас ирж байгаагаараа харилцан ондоо байдаг. Улаанбаатар хотод байрлаад бизнес хийгээд буцдаг, бизнес аялагчид бий. Энэ жуулчны гаргадаг зардал нэг өөр, уламжлалт аялалаар ирж байгаа жуулчны гаргадаг зардал бас өөр байдаг. Ерөнхийдөө нэг жуулчин дунджаар 9 хоногоор ирдэг бөгөөд олон улсын тээврийн зардлаа оруулалгүйгээр нэг удаадаа 1500 орчим долларыг зарцуулдаг. Энэ нь улсын төсөвт шууд ордог зардал биш олон улсын тээвэр, дотоодын тээвэр, ресторан, хөтөч, жолооч, монголд үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн, дэлгүүрийн бараа зэрэг бүх эдийн засгийн салбарт хуваагдаж ордог орлог. Энэ ч утгаараа аялал жуулчлалын салбар бол олон хүнд эдийн засгийн үр өгөөжийг өгдөг салбар.
-Хятад улсын иргэдэд “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2003 оноос олгож, эхэлсэн. Одоо тэр үнэмлэхийг олгодог болов уу?
-Манайхаас энэ үнэмлэхийг олгдоггүй. БНХАУ-ын талаас олгодог үнэмлэх байгаа. Ямар үнэмлэх юм бэ гэхээр Хятад улсын иргэд гадаад паспорт авах тухайн хүмүүст хэцүү байдаг учраас Хятад улсын засгйин газраас хил орчмын бүсь аялах үнэмлэхийг олгодог. Тэр үнэмлэхээр зорчих асуудлыг тухайн улстай хиллэж байгаа ихэнхи улс орнууд зөвшөөрдөг бөгөөд одоогийн байдлаар тэр үнэмлэхээр Монгол улсад болон хил орчмын нутгуудад аялдаг байсныг 2016 оноос хойш зогсоосон байгаа. Тэгэхээр энэ үнэмлэхээр зорчих асуудал нь манай улсад хэрэгжихгүй байгаа юм.
-Монгол улсыг зорьж буй бүлэг жуулчдад олгдодог хөнгөлөлт гэж байдаг уу?
-Одоохондоо хөнгөлөлт гэж байхгүй. Гэхдээ аль болох аялал жуулчлалын зорилгоор ирж байгаа хүмүүсийг бид нар хил дээр виз олгох асуудлыг Гадаад харилцааны яамтай яриад визний хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих ажлыг эхлээд явж байгаа. Ер нь Аялал жуулчлалын компаниар бүлэгээс бүлэг буюу 5-аас дээш жуулчин ирж байгаа тохиолдолд аль болох хилийн боомтууд дээр виз олгох асуудлыг цаашдаа хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Хил орчмын аялал жуулчлалыг өргөжүүлэхийн тулд ямар арга хэмжээг цаашдаа авах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд жуулчны визний асуудал бол хамгийн чухал. Хятадын жуулчдын хувьд өөрийн орны компанидаа мөнгөө төлчихсөн. Дээрээс нь Монголын талтай гэрээтэй монгол дахь аялалаа монголын компанаар гүйцэтгүүлж байгаа 5-аас дээш жуулчдад бид нар визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх боломжийг олгож өгч байгаа. Ингэснээр жуулчдын тоо мэдээж нэмэгдэнэ. Мөн Монголыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ. Газрын боомтуудаас гадна бид нар аль болох Хятадаас богино зайны шууд нислэгүүдийг Дорнод, Увс, Өмнөговь аймаг руу чиглүүлснээр заавал Улаанбаатраас эхлэлтэй өндөр өртөгтэй аялал биш бусад аймгаас эхлэлтэй тухайн бүс нутагт аялалуудыг хөгжүүлэх боломжтой. Мөн хил орчмын бүсүүдэд аялах гээд ирж байгаа жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх ёстой. Нэгэнт жуулчин мөнгөө төлөөд тодорхой хэмжээний төсвийг зарцуулах гээд аваад ирсэн тохиолдолд аль болох их хэмжээний худалдан авалтыг хийлгээд, олон хоног монголдоо байршуулах ажлыг хийж байж эдийн засгийн үр өгөөжөө нэмэгдүүлэх ач холбогдолтой байгаа. Тийм болохоор бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд виз, тээвэр дэд бүтцийн асуудлууд бүтээгдэхүүн үйлчилгээг бүх талаар нь жигд хөгжүүлэх ёстой
-Манай улсад хамгийн ихдээ гэхэд хичнээн тооны жуулчид ирж байсан бэ?
-2012 оны хувьд 512 мянган жуулчин ирж байсан түүнээс хойш 2013, 2014, 2015 оны хувьд жуулчидын тоо тодорхой хэмжээгээр буураад 2016 оноос өсөөд явж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ч.Нандинцэцэг
Уншиж байна |