АТГ-ын ажлын хэсгүүд яам, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийн судалж буй зарим ажлаас дурдвал:
- Нийслэлийн газрын албанд 2017, 2018 онд шинээр олгосон газрын зөвшөөрөл, нийслэлийн 2018 оны баталсан төсвөөс “магадалшгүй ажил” гэж төлөвлөсөн 5 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөс 5 тэрбум төгрөгийг Нийслэл өөр дээрээ авч үлдсэн, нийт 10 тэрбум төгрөгийн зарцуулалт, төлөвлөлтийг судалж байна.
- “Эрдэнэс Монгол” ХХК нь 2017 онд 89 сая төгрөгөөр уул уурхайн цахим систем худалдан авсан гэх боловч зах зээл дээрх ханш нь 40 сая төгрөг байсан, мөн 2017 оноос хойш тус компани нь “Компани засаглалыг сайжруулах төсөл” боловсруулж санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас 35 сая долларын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр босгосон ба төслийн зөвлөхөөр ажиллаж буй гадаадын иргэдэд нэг жилийн хугацаанд 2 сая гаруй долларын цалин олгосон асуудлыг судалж байна.
- “Монголросцветмет” ХХК-ийн 2017, 2018 оны худалдан авах ажиллагааг шалгахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтууд хэрэгждэггүй, хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, нээлттэй тендер шалгаруулалтын үнэлгээг журмын дагуу хийгээгүй, мөн хувьцаа эзэмшигчдийн маргаантай асуудлаас болж компанийн Төлөөлөн удирдах зөвлөл албан ёсоор томилогдоогүй, улмаар тус компанийн худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар 2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдаагүй, худалдан авах ажиллагааны мэдээ, мэдээлэл, тендер шалгаруулалтын зар, үр дүнг нийтэд түгээх зорилготой Төрийн худалдан авах ажиллагааны системд вэб хуудас нээж хөтлөх эрх нь нээгдээгүй байна. Мөн төлөвлөгөөг ил тод зарлаагүй, урьдчилгаа төлбөрийн баталгаагүй байхад урьдчилгаа төлбөр олгосон, харьцуулалтын арга хэрэглээгүй зэрэг зөрчил бүхий нийт 2 тэрбум 327 сая төгрөгийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг судалж буй аж.
Б.Учрал