Сүхбаатар аймгийн "Morning star" клубийн санаачлан, Монголын Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр "ZEV" брэндийн хөлбөмбөгийн бөмбөгийг 2018 онд багтан үйлдвэрлэхээр боллоо.
Тус бөмбөг нь "МОНГОЛ БӨМБӨГ" төслийн хүрээнд хийгдэж, энэ оны эхний улиралд үйлдвэрлэгдэж, худалдаанд гарна.Төслийг санаачлагч "Morning star" клубийн Г.Дүгэрээ, Б.Мөнхжаргал гэсэн төлөөлөгчид МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нартай уулзсан уулзалтынхаа үеэр "ZEV" бөмбөгөө танилцуулсан юм.
"ZEV" нэртэй бөмбөгийг бат бөх материал бүхий үхрийн ширийг ашиглан, гар аргаар футзалын болон хөлбөмбөгийн хэлбэр хийцээр хийх аж. "Монгол бөмбөг" төсөл нь "Нэг хүүхэд, нэг бөмбөг' гэсэн уриатай бөгөөд хүүхэд бүрийг бөмбөгтэй нөхөрлүүлж чадвал, шилдэг тамирчид төрөн гарна хэмээн бэлэгшээж байгааг төслийг санаачлагчид хэлж байв.
МХБХ 2018 оныг нийтийн хөлбөмбөгийг дэмжих жил болгосон тул "ZEV" бөмбөгийг хүүхдийн хөлбөмбөг, "Грассрүүтс"-т ашиглах боломжтойг мэргэжилтнүүд хэлж байлаа. Тус бөмбөгийг үйлдвэрлэх ажилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сурган, тэднийг ажлын байртай болгоход чиглэсэн ажил хийж байна. Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар "Сайн сайхан санаачлага бүрийг дэмжиж ажиллана." гэлээ.
Уншиж байна |