СЗХ-ны ээлжит хуралдаанаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 23.0 тэрбум төгрөг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажилладаг бөгөөд 2017 онд улсын төсвөөс дээрх хэмжээний санхүүжилт олгосныг ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж тусгав.
Мөн “Гэрэгэ менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн, “Ингүмэл финанс” ХХК, “Юу Би актив” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн, “Хост рок” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэр бүхий 13 ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүх гурван жилээр сунган, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ.
Харин “Хөгжих капитал ББСБ”, “Шинэхэн инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лэндс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Алтан зөгийн үүр”, “Дөргөн хөгжил” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Уншиж байна |