Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ипотекийн зээлийг цаашид үргэлжлүүлэхдээ, урьдчилгааг 25 хувь болгож, зээлийн хүүг долоон хувь болгон бууруулах боломжтой гэж салбарын яам үзэж байгааг хэлэв. Энэ саналыг холбогдох яамдад болон УИХ-ын гишүүд, санхүүгийн байгууллагуудад хүргүүлж байгаа аж.
Барилга хот байгуулалтын яамнаас хийсэн судалгаагаар нийслэлд 380 мянга орчим өрх амьдарч байгаагийн 43 хувь нь орон сууцанд, 217 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 50822 мянган айлын орон сууц өнөөдрийн байдлаар борлогдоогүй байна. Орон сууц болон түүнийг худалдан авах эрэлт хангалттай ч орон сууц худалдан авах чадвар сул байгааг судалгаагаар тогтоожээ. Иймд эрэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах тухай Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн хэллээ. Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдийн 16 хувь нь шаардлага хангаж байгаа бөгөөд 8 хувийн зээл, 30 хувийн урьдчилгаа төлөх боломжтой байгаа аж.
Орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэхэд ипотекийн зээл зайлшгүй хэрэгтэй. БНХАУ-аас олгох 2 сая юаны буцалтгүй тусламжыг гэр хорооллын дахин төлөвлөлт болон инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоо бүхий гэр хороололд зарцуулах аж.
Монголбанк 2013 оноос ипотекийн зээлийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү зээлийн хүрээнд 3.8 их наяд төгрөгийг хэвлэн гаргаж, 76 мянган иргэнийг орон сууцанд оруулсан байна. Өнөөдрийн байдлаар сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөлтөөр орж ирдэг аж. Өнгөрсөн 2017 онд 4400 гаруй айлыг орон сууцанд оруулсан. Харин энэ онд ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 10 мянга орчим айлыг ипотекийн зээлээр орон сууцанд оруулахаар төлөвлөж байгааг дэд сайд Ш.Лхамсүрэн хэлж байна.
Тэрбээр “Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь, 8 хувийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдийг хэрхэн орон сууцжуулах вэ гэдгийг Сангийн яам, Монгол банктай ажлын хэсэг гарган зөвшилцсөн. Ипотекийн зээлийн хүрээнд дөрвөн их наяд төгрөгөөр олгогдсон зээлийн эргэн төлөлтийг буцаагаад орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд олгож, 8 хувийн зээлийг үргэлжлүүлэн явуулаач гэдэг хүсэлтийг Барилга хот байгуулалтын яамнаас гаргаад байгаа. Мөн ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгож, долоон хувийн хүүтэй болгоод өгөөч гэдэг саналыг Мөнгө, санхүүгийн байгууллагуудад тавьж байна. Гэвч үүнд эцэслэн шийдвэр гараагүй байна. Манай яамнаас дэлгэрэнгүй судалгааг УИХ-ын гишүүд, бусад яамдад хүргүүлнэ” гэв.
Ипотекийн зээлийн төлөлт тэнцүү төлбөрийн хэлбэрээр явагддаг. Үүнийг хувилбартай болгохоор ярилцаж байгаа аж. Тодруулбал зээлийн хүү, үндсэн төлбөр хоёрыг тэнцүү төлөх хэлбэрт шилжүүлэхээр банкуудтай ярилцаж байгаа бөгөөд боломжтой хувилбар гэж үзэж байгаа гэдгийг хэллээ.
Г.Тэгшсүрэн