ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Бизнесүүдийн “цангаа”-г тайлах мөнгө Хөрөнгийн биржид бий
2018-06-04

Сүхбаатарын талбайн гурван давхар ягаан байшинд анхны цан цохих чимээ 1992 оны хоёрдугаар сарын 7-нд тохиожээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд унаж боссон эдийн засгийн өөрчлөлт дунд монголчууд хөрөнгийн зах зээлээр хөлжих мөрөөдөлд умбаж байв. Дэлхийн цуутай баячууд хувьцааны ашиг, бондын өгөөжөөрөө дансаа ярайтал жагсааж, алдартай сэтгүүлд эрэмбээрээ бичигдсэн дүр зураг өнөөдөр бидний хувьд шинэ сэдэв биш болох нь.

 

 

Хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффет л гэхэд 10 настайдаа хөрөнгийн биржийг үзэхээр Нью-Йоркийг зорьж байсан бол жилийн дараа гэхэд “Cities Service Preferred”-ээс гурван хувьцаа худалдан авчихаад байсан гэдэг. Тэрээр өдгөө “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал, ерөнхийлөгч, гол хувьцаа эзэмшигч. 2008 онд тэр дэлхийн хамгийн баян хүнээр тодорч байсан юм. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн улс орнуудын түүхийг харахад бизнесүүд болон хувь хүмүүс мөнгөний олон эх сурвалжаас амжилтын шатанд хүрчээ. Энд дурдах сайн жишээнүүдийн нэг нь мэдээж Сингапур. Тэндэ­хийн биржид ойрол­цоогоор 800 гаруй компани бүртгэлтэй, 650 тэрбум сингапур долларын хөрөнгийн зах зээлтэй. Ингэхдээ зах зээлийнхээ хөрөнгө оруулалтын 40 хувийг гадаадын компаниудаас олж авч байна. Банкинд барьцаа хөрөнгө тавьж, зээл хөөцөлдөж цагаа алдах шаардлага сингапурчуудад алга. Үүний хүчинд банкууд ч асар уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээнүүдийг өрсөл­дөхүйц хэмжээнд хүргэж. Харин хөрөнгийн зах зээл нь хүмүүстээ хөрөнгө оруулалт босгох олон сонголтыг нээжээ. Тэгвэл манай улсад Хөрөнгийн бирж ямар мэдээтэй байгаа бол. Юун түрүүнд дуулгах сайн мэдээ бол Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын зах зээлд хувьцаагаа гаргасан компаниуд эх орондоо хувьцаагаа арилжих үүд хаалга нээгдэж байна. Монголын хөрөнгийн бир­жид шинээр бүрт­гэгд­­сэн, анхны давхар бүртгэлтэй ком­пани бол “Эрдэнэ ресурс девелопмент кор­порэйшн” (TSX:ERD). Энэ компани Торон­тогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилж­даг байна.

 

Өчиг­дөр Улаанбаатарын 12:00 цагийн байдлаар “Блүүмберг” сайтад мэдээлс­нээр энэхүү хувь­цаа Торонтогийн хөрөнгийн биржид 0.33 канад долларын ханштай байв. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4.000.000 ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх аж. Төвлөрүүлсэн хөрөнгөө хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөжээ. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ийн үндсэн андеррайтераар “Би Ди Сек ҮЦК” ХК, туслах андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2018 оны зургадугаар сарын 06-ны өдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд олон нийтэд зориулсан танилцуулга арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Олон улсад хувьцаагаа гаргасан өөр компаниуд ч мөн Монголын хөрөнгийн биржид арилжаагаа эхлүүлэхээр саналаа өгөөд байгаа юм. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж дээр шинэ бүтээгдэхүүнүүд гарч байгаагийн нэг нь “Lend.mn”-ийн арилжаалсан хувьцааг нэрлэж болно.

 

Мөн “Монгол Базальт” компанийн хувьцааны арилжааг дурдах хэрэгтэй. Түүнчлэн даатгалын хэд хэдэн компани бирж дээр үнэт цаасаа гаргахаар материалуудаа өгчээ. “Банкин дахь иргэдийн хадгаламж тогтмол өссөөр ирлээ. Иргэд болон байгууллагын банкинд байгаа хадгаламжийн хэмжээ нэг тэрбум ам.доллараар өссөн байна. Энэхүү хөрөнгө нь манай хөрөнгийн зах зээл дээр гарсан бүтээгдэхүүнүүдэд орох бүрэн боломжтой. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн нийт баг­таамжийг үзүүлж байна гэж бодож байна” гэж Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Блүүмберг” телевизэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Банкны зээл, хадгаламжийн хүүнээс ашиг харж, ганц үүсвэртэй мөнгөний сурвалжаар цангадаг цаг ард хоцрох дохио ийнхүү цуурайллаа. Үнэт цаастай холбоотой хөрөнгийн олон боломжууд үүд хаалгаа цэлийтэл нээхээр зэхэж байна. Уншигч та яг одоо энэ давалгаанаас атгахыг хүсвэл Хөрөнгийн биржид тогтмол болдог үнэт цаасны зах зээлийн сургалтанд заавал суугаарай. Эцэст нь, тэрбум­тан Уоррен Баффет хөрөнгө оруулагчдад компанийн ирэх 10 жилд олох ашгийг сайн тооцоолохыг зөвлөдөг юм билээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ж.ЦОГЗОЛМАА

Shuud.mn
Сонин хачин