“Монголын эдийн засгийн чуулган” энэ сарын 21, 22-нд болно. Уг чуулганаар Үндэсний хөгжлийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх төслүүд болон төрөөс баримталж буй бодлогын талаар танилцуулахаар болжээ. Энэ талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхантай ярилцлаа.
-Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүд батлаад байна. Ирэх жилүүдэд улсын хөгжлийг тодорхойлох гол чиглэл, үзэл санаа нь юу байх вэ?
-УИХ-аас баталсан Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын эхний үе шатын үр дүнг 2020 онд, дараагийнхыг 2025 онд үнэлэнэ. Үүнтэй уялдуулж Засгийн газраас 2020 он хүртэл хэрэгжүүлэх Гурван тулгуурт хөгжлийн бодлого баталсан. 2019 оны намар гэхэд 2025 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр батлахаар ажиллаж байна. Таван жилийн хугацаатай эдгээр төлөвлөгөөг бүх салбарын яам дагаж, мөрдөж байж үндэсний хөгжлийн загвар бүрдэнэ.
Эдгээр бодлогын үндсэн санаа нь ажлын байр нэмэх, ядуурлыг бууруулах, үүний тулд олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх явдал. Мөн уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийг хөдөлгөхөд тэнд ажиллах боловсон хүчний асуудлыг ч бодлого, төлөвлөлтдөө оруулах шаардлагатай болж байна.
Ирэх хоёр жилд 38.3 их наяд төгрөгийн 113 төсөл хэрэгжинэ
-Эдгээр баримт бичиг, бодлого хэрэгжсэнээр эдийн засагт ямар үр дүн гарна гэж төсөөлж байгаа юм бэ?
-2020 он гэхэд нийт 263 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Манай улсын эдийн засаг өсөж байгаа, хүн амын бүтцэд хүүхэд, өсвөр насныхан илүү байдаг онцлогтой. Тиймээс ирэх хоёр жилд ажиллах хүч, эдийн засгийн массаа дагаад 140 мянган ажлын байр шинээр бий болно. Үүн дээр төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн хүрээнд 40- 50 мянган ажлын байр нэмэгдэнэ гэж тооцсон. Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын бусад төсөл нэмж хэрэгжвэл нийт 263 мянган ажлын байр нэмэгдэнэ. 2017 онд манай улсын эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан. Энэ онд мөн таван хувийн өсөлттэй байх таамаг байна. Дээрх төслүүд хэрэгжсэнээр эдийн засгийн энэ өсөлтийг дэмжинэ гэж тооцож байгаа.
-Танайх бодлого, төлөвлөлтөө ямар судалгаанд үндэслэдэг юм бэ?
-Үндэсний хөгжлийн газар 2016 оны наймдугаар сараас шинэ бүтэцтэй ажиллаж байна. Энэ хугацаанд яамд, донор байгууллага, эрдэмтдийн хийсэн судалгаан дээр ажиллаж, тооцоолол хийсэн.
Одоогоор есөн их наяд төгрөгийн 43 төсөл хэрэгжиж байгаа бол 70 гаруй шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Монголын эдийн засгийн чуулган” хувийн хэвшлийнхэн Засгийн газар, УИХ-ын гишүүдэд асуулга тавьдаг, санал бодлоо солилцдог талбар болсон.
Зүүнбаян-Сайншандын хөндлөн, хэвтээ чиглэлийн төмөр замын концессийг үргэлжлүүлэхээр ажиллаж байна.
-Ойрын хугацаанд хөдөлгөхөөр төлөвлөж байгаа ямар томоохон төслүүд байгаа вэ?
-Тавантолгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахын тулд үүнийг тойрсон дэд бүтцийн багц төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус ордын нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл яригдаж байгаа. Гашуун сухайтаас гадна нүүрс экспортлох өөр олон гарц бий болгосноор Тавантолгойн нүүрсийг үнэд хүргэх боломжтой болно. Тухайлбал, Тавантолгой-Цагаан дэл чиглэлийн авто зам, Таван толгой-Ханги-Мандал чиглэлд шинэ зам тавих, Тавантолгой- Гашуун сухайтын замыг өргөжүүлэх зэрэг төслүүдийн шийдлийг гаргаад явж байгаа. Мөн Зүүнбаян-Сайншандын хөндлөн, хэвтээ чиглэлийн төмөр замын концессыг үргэлжлүүлэхээр ажиллаж байна. Дэд бүтцийг дэмжсэн эрчим хүчний төслүүдийг ч урагшлуулах шаардлагатай байгаа.
-Эдгээр төслүүдийн санхүүжилтийг яаж шийдэх юм бэ?
-Гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулан 2018-2021 онд хэрэгжүүлэх Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас боловсруулсан. Энэ хөтөлбөрийг өнөөдөр Засгийн газарт танилцуулна. 2018-2021 онд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалт, санхүүжилтийн тооцоог хөтөлбөрт багтаасан. Бид энэ тооцоог гаргахдаа бүх яамны дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, 30 тэрбум төгрөгөөс дээш төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлсэн. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй 113 төсөл, арга хэмжээ багтсан.
Эдгээр төсөлд нийт 38.3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Одоогоор есөн их наяд төгрөгийн 43 төсөл хэрэгжиж байгаа бол 70 гаруй шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2018-2021 онд хэрэгжих 59 төсөлд нийт 21.8 их наяд төгрөг шаардлагатай байгаа. ОУВС-гийн хөтөлбөртэй холбоотойгоор улсын төсвийг нэлээн танасан. Тиймээс төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь нийт төслийн дөнгөж 2.5 хувийг эзэлж байна. Үүнд улсын төсвөөс 725 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Харин гаднын зээл, тусламжаар санхүүжих 6.6 их наяд төгрөгийн төсөл байгаа нь 3.4 хувийг эзэлж байгаа юм. Бусдыг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр тусгасан.
-Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ гэдгээ тодруулахгүй юу?
-Талууд хоорондоо маш сайн ойлголцож, төрийн зангидаж, хийж чадахгүй байгаа томоохон дэд бүтцийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх шинэ хэлбэр рүү орж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинээр тодорхойлж, хуульчлахаар ажиллаж байна. Хувийн хэвшилтэй ойлголцсоноор уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хэрэв дэд бүтцээ шийдэж чадахгүй бол орон нутагт аж үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж яриад нэмэргүй. Тиймээс “Монголын эдийн засгийн чуулган”-ыг ийм хамтын ажиллагааны сэдэв дор зохион байгуулж байгаа.
-Энэ чуулганд Үндэсний хөгжлийн газар ямар үүрэгтэй оролцох вэ?
-“Монголын эдийн засгийн чуулган”-аар улсын хөгжлийн загвар, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төр хувийн хэвшлийн түншлэлийн, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах гэх мэт сэдэвтэй нэгдсэн болон салбар хуралдааныг Үндэсний хөгжийн газар хариуцан ажиллаж байгаа. Энэ чуулганыг хувийн хэвшлийнхэн Засгийн газар, УИХ-ын гишүүдэд асуулга тавьдаг, санал бодлоо солилцдог томоохон талбар гэж болно. Манай зүгээс хийж байгаа ажлаа танилцуулаад, санал зөвлөмж цуглуулъя гэсэн бодолтой байгаа.
-Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид улс төрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахыг шаарддаг. Энэ тал дээр ямар ажил хийж байна вэ?
-Гаднын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин нөхцөлийг сайжруулах тал дээр Үндэсний хөгжлийн газар Дэлхийн Банктай хамтран төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалтын орчин яг одоо ямар байна вэ, үүнийг хэрхэн сайжруулах талаар “Шинэтгэлийн зураглал” гэсэн төсөл хэрэгжүүлж, судалгааны ажил нь дууссан. “Монголын эдийн засгийн чуулган”-ы үеэр энэ талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдээс санал авна. Ер нь энэ төслийн үр дүнгээс харахад манай улсын хөрөнгө оруулалтын орчин бусад төстэй хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй муу биш гэсэн дүгнэж болохоор байна.
Б.БАЯРМАА
Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН
Уншиж байна |