ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ТОМЧУУД тоодоггүй ногоон хөгжил
2018-05-15

Мянганы тунхаглал хэмээх бодлогын бичиг баримтыг батлагдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2000 оны хурлаас хойш Sustainable development гэх нэр томъёо дэлхий нийтийн анхаарлын төвд орох болсон бөгөөд монголчууд ч үүнийг нь нутагшуулахын тулд Тогтвортой хөгжил гэж орчуулаад хэсэг “үзсэн”.

 



2012 онд НҮБ-ын тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар тулгамдаад байгаа асуудлуудаа хэлэлцэж, тогтвортой хөгжилд хүрэх, ядуурдлыг бууруулах чухал арга хэрэгсэл болох ногоон эдийн засгийг улс орон бүр өөрийн онцлогт тохируулан хөгжүүлэхийг зөвлөсөн бөгөөд Монгол улс түүхэндээ анх удаа буюу 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан засгийн газрынхаа бүтцэд үндсэн чиг үүргийн “ногоон хөгжлийн” яамыг шинээр байгуулж, 2014 онд Ногоон хөгжлийн бодлого хэмээх бодлогын бичиг баримтыг УИХ-аар батлуулсан.
Харамсалтай нь батлуулсан бодлогоо хэрэгжүүлдэгийн даваан дээр Байгаль орчны яам газрын наймаачдын гарт орж түүнээс цааш ногоон хөгжлийн бодлогын сураг тасарсан билээ.



Судлаачид ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дараах үндсэн бүлэгт хувааж үздэг.
 

  1. Эко-тээвэр
  2. Сэргээгдэх эрчим хүч
  3. Ногоон барилга
  4. Хаягдлын менежмент
  5. Газар, усны менежмент

 

ТЭНЭГ НЬ ДЭНДСЭН ТЭЭВРИЙН БОДЛОГО


Төр гэх институцийн үндсэн үүрэг нь иргэддээ үйлчлэх. Төрийн бодлого гэдэг зүйл иргэдийнхээ ая тух, аюулгүй байдлыг хангахын тулд л гардаг. Харин манай улсын тээврийн бодлого бол яг эсрэгээрээ... Бүр бүхлээрээ нэг л биш!



Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүх автобус нь төв зам дээрээ бөөгнөрч зогсоод, бөглөрчихдөг. Жолооч нар нь хүн тээвэрлэж яваагаа мартчихдаг. Хоорондоо уралдаж давхиад мөргөлдчихдөг. Хотын дарга нар нь иргэдийнхээ хувийн машиныг долоо хоногтоо багтаагаад бүтэн өдрөөр нь сул зогсоочихдог. Татвар хураамжаа болохоор яс авдаг хэрнээ, жил бүр 53 хоног (бараг л 2 сар) машинаа унахаар нь торгодог. Татвар шийтгэл нь ч дүүрч гэхэд өвлийн хүйтэнд нялх үрээ тэврээд автобус, такси хүлээж зогсох ч таатай зүйл биш шүү дээ...



Ачаа тээврийн бодлого бол бүүр тасарчихсан тэнэг. Орчин цагт яавал бага зардлаар их тээвэр хийх вэ гэдэг дээр улс орон, албан байгууллага бүр толгойгоо гашилгаж эко-тээвэр гэх цоо шинэ бодлого хүртэл гаргаж түүнийгээ хөгжүүлэх гэж төрөл бүрийн судалгаа шинжилгээ хийж байна. Гэтэл манай нэг том дарга 3000-4000 жолоочоо ажилтай байлгахын тулд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг бариулахгүй гэсэн тайлбар тавиад сууж байж билээ. Төмөр замаа барьчихвал тэрнээс илүү олон хүнийг ажлын байртай болгож болно гэдгийг ойлгодоггүй ээ...



Тэр олон машины бензин тос, засвар үйлчилгээний зардал, агаарын бохирдлын хэмжээ, аваар ослын тайлан, алдагдсан боломжийн тооцоог бүүр харахыг ч хүсдэггүй ийм сохорчихсон төр, дүлийрчихсэн төрийн бодлого гэж байх уу?



Агаарын бохирдол их үүсгэдэг гэх шалтгаанаар ХБНГУ ирэх жилээс дизель түлшээр ажилладаг бүх автомашинаа зах зээлээсээ шахаж гаргахаар төлөвлөж. Гэтэл манай дарга нар түлш бага зарцуулдаг приус машинаа ад үзэж татвар тавиастай... Яаж зүүлэгтэхээрээ амьдралаас хэт тасархай тэнэг шийдвэр гаргаж болдог юм байгаам, бүү мэд!



СЭХДЭГГҮЙ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ


Манай улс нар, салхи, усан цахилгаан станц барихад хамгийн тохиромжтой талаарх тайлан тооцоо бишгүй бий. АНУ-ын Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр хийгдсэн Монгол улсын салхин эрчим хүчний атласаас харахад, Монгол улс зөвхөн салхинаасаа жил бүр 8 триллион киловатт/цаг эрчим хүч гаргаж авч болно гэж тооцоолжээ.



Монгол нутгийн 10% нь салхины өндөр нөөцтэй, Монголын говь дэлхийн хамгийн их нарны  эрчим хүчний нөөцтэй гурван том говь цөлийн нэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн говьд баригдах нарны болон салхин цахилгаан станциудаараа Хятадын хэрэглээг бүрэн хангаж барах нь.



Манай улстай найрсаг хамтын ажиллагаатай байдаг, хамгийн ихээр хандив тусламж үзүүлдэг Япон, Герман зэрэг улсууд сэргээгдэх эрчим хүчний технологиороо дэлхийд тэргүүлдэг. Уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хэлэлцээрийн дагуу сэргээгдэх эрчим хүч ашиглан үйлдвэрлээгүй бүтээгдэхүүнд онцгой татвар тавихаар болжчихож. Зөвхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлээд экспортлоход манай улс дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын тоонд зүй ёсоор орох боломжтой. Ойрын ирээдүй бол гэрэлтэй л харагдаад байх юм, харамсалтай нь бид хөдөлдөггүй ээ.

 

ҮХЭШГҮЙ МӨНХИЙН МОНГОЛЧУУД


ДЭМБ-ынханы 2016 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хот Бээжингээс тав дахин их агаарын бохирдолтой болж таарсан. Нийслэлчүүд бид хоолой боохоос өгсүүлээд ургийн хөгжилд гаж нөлөө үзүүлдэг “хорт утааны” асуудлаар өвөл бүр бухимддаг ч хавар болонгуут л таг мартчихдаг.



Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил бараг 20 жил ярианаас цааш ахисангүй. Шат шатны дарга нар жил бүр л гоё супер төсөл танилцуулж, төсвөө батлуулдаг ч мөнгө цавчихаас өөр шальтай зүйл хийгээгүй гэхэд бараг л хилсдэхгүй. БОНХЯ-ныхан сайдын багцаасаа 9 тэрбум төгрөг гаргаж “капитал” засвар хийх гэтэл БХБЯ-наас 7 тэрбум төгрөг гаргуулаад “будаг нялаад” өнгөрсөн цаг саяхан. “Эвдэрхий” цэвэрлэх байгууламжаасаа болоод жил бүр л хотоороо өмхий самхай ханхлуулж, баас шээсээ ч шальтай ялгаагүй бохир усаа Туул голруугаа шахдаг, түүнийгээ эргүүлээд хоол ундандаа хэрэглэдэг бөгөөд гэр хорооллын айлуудын модон жорлонгоос үйлдвэрлэгдэж буй хөрсний бохирдлын талаар бол бүүр дурсдаг ч үгүй. Гуравхан цагийн бороонд шалчийчихдаг хотынхоо өндөрлөг газарт бүх гэр хорооллоо бөөгнүүлчихээд, жил бүр буудаг үер усны үеэр модон жорлонгийн бохирыг “хальт” санадаг ч тэнгэр цэлмэхэд бас л мартчихдаг.



Агаар, ус, хөрсний бохирдлоос болж жилдээ хэдэн ураг гажигтай төрж, хэдэн иргэн хорт хавдар тусч, бас үхэж үрэгдэж байгаа талаарх тоо баримт хаана ч үгүй. Үүнээс улбаалаад улсаараа хэдэн төгрөгний зардал чирэгдэл учирч, иргэд нь хэчнээн эмчилгээ сувилгаа хийлгэж байгааг хэн ч таашгүй. Ерөөс монголчууд “запас” амьтай юм шиг л ажиллаж амьдарцгаадаг.


Сүүлийн жилүүдэд барууны орнуудад ногоон барилга гэдэг консепц өндөр авч байгаа. Тоймлоод хэлбэл, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаар бохирдуулдаггүй халаалтын системтэй, эрчим хүчинд хэмнэлттэй, бохир усаа цэвэрлэх, дахин ашиглах технологитой, тав тухтай орчин үеийн орон сууцыг хэлээд байгаа юм.



Ногоон барилгын жижигхэн жишээ хэлэхэд, өндөр хөгжилтэй орнууд орон сууцныхаа цэвэр усыг зөвхөн зэс турбагаар л түгээдэг, харин манайд зэвтэй турбагаар усаа дамжуулдаг. Манайд зэсийн нөөц хангалттай бий, түүгээрээ турба хийгээд орон сууцнуудынхаа турбаг сольчих боломжтой. Байгалиасаа цэвэр цэнгэг усыг түгээхдээ заавал импортын зэвтэй төмрөөр “муутгаж” хэрэглэх шаардлага байдаг ч юм уу, үгүй ч юм уу?!

 

ГАМШИГ ДУУДСАН ХОГ ХАЯГДАЛ


Улаанчулуутын хогийн цэг гэж бий. Тэнд хогон дунд хүн сүрэг амьдардаг болоод удаж байна. Зөвхөн Улаанчулуут ч биш, хаа хамаагүй хог хаядагаасаа болоод монголчууд тэр аяараа хогон дунд амьдарч байгаа гээд хэлчихэд нэг их буруутахгүй. Хог хаягдлын менежмент гэдэг ойлголт бол манайдаа харь гарагийн хүний яриа шиг л ойлгомжгүй сонсогддог.
Үгүй ээ, яахав. Ахуйн хог хаягдал нь ч дүүрч. Байгальдаа шингээд алга болчих байлгүй. Аюултай хог хаягдлаа яах гээд байгаа ард түмэн бэ? Хэдхэн жилийн өмнөөс цөмийн хаягдал булшлах гэлээ, булдаг байгууламж барих гэлээ гээд хэсэг нөхөд жагсаж цуглаад сүрхий сенсацилаатахсан. Тэдгээр жагсагчдын ярьж байгаачлан гадаадаас цөмийн хаягдал оруулж ирээд булах гээд байгаа бол буруу. Гэхдээ гадаадаас цөмийн хаягдал оруулж ирээд булна гэдэг тийм ч амар асуудал биш бөгөөд угаасаа тэгэх боломж ч байхгүй байх. Харин цөмийн бөгөөд аюултай хог хаягдал булшлах байгууламж барих нь бол туйлын зөв.



Хэдийгээр Монголд цөмийн хаягдал ялгаруулдаг томоохон үйлдвэр, атомын цахилгаан станц байхгүй ч гэлээ анагаах ухааны салбарт хэрэглэгддэг рентген туяаны аппаратнаас үүсэх цацраг идэвхит хаягдлаас өгсүүлээд гибрид машины ашиглагдахаа больсон батерий гээд бүхэл бүтэн улсын хэрэглээнээс үүсэх аюултай хаягдал, тэдгээр нь хуримтлагдах тохиолдол бишгүй бий. Харамсалтай нь тэр хаягдлаа бид ахуйн хогтойгоо нийлүүлээд “чулуудчихдаг”. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрчимтэй нэмэгдэж байгаа хорт хавдар гэх өвчний цаад шалтгаан нь яг л үүнтэй холбоог эрүүл мэндийн салбарынхан нотолдог. Байрныхаа подволд мөнгөн ус хадгалдаг иргэд яаж ч эрүүл байх вэ дээ?!



Тиймээс хог хаягдлын менежмент, дамаа ялангуяа аюултай хог хаягдлын асуудлаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ яаралтай хэлэлцэж, нэг тийш нь шийдэхгүй бол Улаанбаатарчууд атомын станц дэлбэрсэн орчин шиг хортой нөхцөлд амьдарч байна!


ЦЭНГЭГ УСАА ТОЙРЧ БҮЖИГЛЭХҮЙ


Сүүлийн хэдэн жил монголчуудын дунд яригдаж буй томоохон сэдэв бол яахын аргагүй Оюу толгой төсөл. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол иймэрхүү том төсөл хэрэгжүүлж огт үзээгүй монголчуудын хувьд тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээнээс өгсүүлээд “бүх зүйлс” нь шүүмжлэлийн бай болдог.
 

Эрдэнэт үйлдвэртэй харьцуулан, орос ах нар Эрдэнэт үйлдвэрийг ашиглахын тулд Эрдэнэт хотыг барьсан, гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулагчид уурхайнхаа хажууд хот битгий хэл, тосгон ч барьсангүй гэх нь ч бий. Асуудлын гол нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчид хот барих дургүйдээ биш бөгөөд цэвэр усны гавьтай нөөцгүй говь нутагт томоохон хот барих шаардлагатай юу гэдэгт л бий.
 

 

Яг энэ шалтгаанаар, Монгол улсын нийт хүн амын тал илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц дуусчихвал яг яах вэ? Арваадхан жилийн өмнө насанд хүрсэн хүн живэхээр хэмжээний их устай байсан Дамбын, Сэлбийн, Улиастайн голууд өнөөдөр хаана байна? Цэнгэг усны нөөцийнхөө хувьд Улаанбаатар хот яг хэдэн жилийн настай вэ? Цаашдаа нийслэлээ нүүлгэе гэвэл, шинэ хот бария гэвэл Монголын төр аль зүгт мөрөө гаргавал зохилтой вэ? Энэ талаар хийсэн тооцоо, судалгаа бидэнд бий билүү?
 

Хотын иргэдээ цэвэр усаар хангадаг өндөрийн худгуудыг хаагаад газрыг нь зарчихдаг, аргаа барсан Азийн хөгжлийн банкныхан гүний худаг бариатах гээд мөнгө өгөхөөр голын эрэг дээр арваадхан метр худаг ухаад үлдсэн мөнгийг нь идчихдэг төрийн түшээдэд ер нь ямар л судалгаа байгаа аж дээ... Усгүй бол хот, бүүр улс ч оршин тогтнож чадахгүй гэдгийг төр удирдаж яваа том дарга нар маань гадарладаг байгаа?!
 

Хөгжил гэдгийг яаж ч ойлгож болно, аль ч тохиолдолд цэнгэг усаа л бараадаж таараа. Цөлжилт, хуурайшилт, түүнээс улбаалсан ой хээрийн түймрийг нэг мөр дарж авъя гэвэл томоохон усан сангууд байгуулж, усны сав газруудын нэгдсэн менежментийг сайжруулах учиртай.
 

2012 онд байгуулагдсан засгийн газар Усны аж ахуйн яам татан буугдаснаас хойш айлын шоовдор хүүхэд шиг гадуурхагдаж явсан цөөн хэдэн усны мэргэжилтэнгүүдийнхээ үгийг төрийн түвшинд анх удаа сонсож улсынхаа хэмжээнд усны сав газрын нэгдсэн менежментийг эхлүүлж чадсан нь сайшаалтай.

 

ТОМЧУУД ТООДОГГҮЙ НОГООН ХӨГЖИЛ


Аж үйлдвэржилт хэт хөгжиснөөс улбаалж дэлхийн дулаарал гээч “хадны мангаа” дийлдэхээ больж байгаа бололтой. Энэ зууны эцэс гэхэд хойд туйлын мөс хайлж, далайн түвшин 8.9 метрээр дээшлэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум орчим хүн усанд автах нь. Тиймээс л НҮБ-ын дэргэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн хэмжээний томоохон хурал цуглаан хийж, тэдгээр хурлуудынхаа шийдвэрээр хөгжингүй баян орнууд нь хөгжиж буй ядуу буурай орнууддаа ногоон хөгжлийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, хандив тусламж өгцгөөхөөр тохирчээ.
 

Ногоон хөгжил гэдэг ойлголтыг бодлогын бичиг баримтын түвшинд хагас хугас ч гэсэн боловсруулж, төрийн бодлого болгож чадсан нь яахын аргагүй ИЗНН-ын гавъяа мөн. Өөрсдийгөө үндэсний хэмжээний том нам гэж тодотгох дуртай АН, МАН-ынхан Тавантолгой, Оюутолгой гэх мэт мега-төслүүдийн тендер, концесс л сонирхохоос ногоон хөгжил гэх жижигхэн сэдвийг ямар тоох биш. Уг нь НУБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн хурлыг эх орондоо зохиож жаахан “дөвчигнөөтөхвөл” Парисийн хэлэлцээрийн дагуу 2020 оноос эхлээд жил бүр 100 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт авах боломж байгаа л юмсан.
 

Эхлүүлсэн ажлаа дуусгаж, улсынхаа хөгжлийг зөв горимонд нь оруулмаар байвал дараагийн удаад Байгаль орчин, ногоон хөгжлийн биш Дэд бүтэц, ногоон хөгжлийн яамыг байгуулж бодлого боловсруулах ёстой юм байна лээ шүү, ИЗНН-ынхаан...


 
Бурхан А.Баярхүү

Shuud.mn
Сонин хачин