Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг өнөөдөр /2018.05.03/ Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Бадамсүрэн болон төрийн өмчит 75 компанийн төлөөлөл оролцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Засгийн газар хоёр том зорилт тавьсан. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд ажлын дэг журам, харуцлагыг сайжруулах байлаа. Хоёрдугаарт унаж байгаа эдийн засгийг тогтворжуулах байв. Ажилгүйдэл ядууралтай тэмцэхийн тулд ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Үүнд Төрийн өмчийн байгууллагууд ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад би баярлаж байгаа. Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 2016 онд ихээхэн хэмжээний өр зээлтэй 60 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол өнгөрөгч 2017 онд төрийн өмчийн 97 аж ахуй нэгжийн 70 гаруй хувь нь ашигтай ажилласан байна. Тодруулбал 45 мянган ажилчин, албан хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж, 7 их наяд 111 тэрбум төгрөгийн орлого олж, 880 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Энэ бол их том амжилт. Эдийн засгийн уналтыг зогсооход энэ тоо бодит дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг хэлмээр байна” гэв.
Засгийн газраас “ТОП-100” аж ахуй нэгжийг жил болгон шалгаруулдаг. Үүнд төрийн өмчийн 18 компани шалгарчээ. Мөн Төрийн өмчийн компанид 2017 онд 1.7 их наяд төгрөгийн татвар хураамжыг Улсын төсөвт суулгасан байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |