Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой сүүлийн үеийн мэдээллийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгээс тодруулан хүргэж байна.
-Хувь хүний орлогын албан татварын буцаан олголттой холбоотой мэдээлэл өгөхгүй юу. Одоогийн байдлаар буцаан олголтыг иргэдийн дансанд хийхэд бэлэн болсон уу?
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлдэг. Мөн дээрх хуулийн 24.6-д зааснаар албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр, татвар ногдуулах орлогоос чөлөөлүүлэн албан татварын хөнгөлөлт эдэлдэг.
Энэ жилийн тухайд нийтдээ 70 орчим мянган иргэн 41 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт авахаар хүсэлтээ гаргаж, материалаа бүрдүүлж өгсөн байна. Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийтдээ 33 мянга гаруй иргэн буцаан олголт авах дүнтэй байна. Эдгээр иргэний нэрсийн жагсаалт, холбогдох мэдээллийг Нийслэлийн төрийн санд хүргүүлсэн. Нийслэлийн төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж байна. Энэ ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлнэ. Буцаан олголт 4 дүгээр сарын 20-ноос хойш буюу ирэх долоо хоногийн сүүлээр иргэдийн дансанд орно гэсэн мэдээллийг Нийслэлийн төрийн сангаас ирүүлээд байна.
-Иргэдийн нэр, данс зөрүүтэй эсэхийг шалгаж байгаа гэж хэллээ. Магадгүй алдаа гарвал тухайн иргэн хэрхэн мэдэх боломжтой вэ. Алдаа гарсан байвал тэр дор нь залруулаад буцаан олголтоо энэ ондоо багтаагаад авах боломж бий юу?
-Тухайн татвар төлөгчийн нэр данс зөрүүтэй байдаг ч юм уу, өөр бусад тохиолдлоор алдаатай бол банкууд Төрийн санд, төрийн сан татварын албанд мэдээллийг нь хүргүүлнэ. Татварын алба эдгээр иргэдтэй холбогдож, мэдээлэл нь алдаатай байгааг мэдэгдэж залруулдаг. Тухайн иргэн маань мэдээллээ залруулсан үед нь Төрийн сан руу дахин илгээгээд буцаан олголтыг нь олгоно. Энэ ондоо ч гэхгүй, тухайн мэдээлэл залруулсан сардаа багтаагаад буцаан олголтоо авах боломжтой. Хамгийн чухал нь иргэд банкин дахь харилцах данс зөрсөн тохиолдолд яаралтай залруулах хэрэгтэй.
-Өмнө нь иргэд материал бүрдүүлж өгсөн хугацаанаас хамаараад буцаан олголтыг хоёр таслаж өгдөг байсан шүү дээ. Энэ жилийн тухайд таслалгүй бөөндөө орчихно гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн хэмжээнд иргэдийг материалыг хянаж, шалгаад Төрийн санд хүргүүлсэн учраас ээлж гэж байхгүй. Харин зарим иргэний материалыг дахиж хянаж, шалгахаар НТГ-т үлдээсэн байгаа. Тэдгээр иргэдийн материал шалгагдаж дуусаад, ямар нэгэн зөрчилгүй бол эцсийн дүнгээрээ тавдугаар сарын 15 гэхэд дансанд нь мөнгө нь орно гэж НТГ мэдэгдэж байгаа. Банкны ачаалалтай холбогдуулаад иргэдийн дансанд өмнө, хойно орох тохиолдол бий.
-Иргэд буцаан олголтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хаана хандах вэ?
-Буцаан олголттой холбоотой лавлах тодруулах зүйлийг иргэд Нийслэлийн татварын газрын 11-311288 дугаар болон харьяа дүүргийн Татварын хэлтсээс тодруулах боломжтой.
Ярилцсан Э.Энхцэцэг
ЭХ СУРВАЛЖ: http://www.mta.mn
Уншиж байна |