Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай улс "Хүний хөгжил сан"-г 2008 онд баталж, бий болгосон. Аль нэг улстөрийн нам сонгуульд ялахын тулд халамжийн бодлого нэрээр ард иргэддээ бэлэн мөнгө тараах нь зөв бүтэц зохион байгуулалт биш. Энэ бүгдээс шалтгаалан баялгийн сан халамжийн сан болсон түүх бий. Баялгийн сан гэдэг бол хуримтлалын сан байх ёстой. Өнөөдөр Казахстан улсад үндэсний баялгийн хоёр сангаар дамжуулан төрийн өмчит үйлдвэрийн газруудаа удирдаж, орж ирсэн орлогоор үндэсний баялгийн сан нь дэлхийн зах зээлд гарч, олон улсын зах зээлээс хувьцаа, хөрөнгө худалдаж авах зэрэг олон зүйлийг зохицуулж байна. Иймд бид улсынхаа Үндэсний баялгийн сангийн талаар ярих цаг болсон. Газар доорх баялгийг тэгш хүртээмжтэй байдлаар ард иргэддээ хүргэх нь баялгийн сан мөн. Ийм зохицуулалт хийхийн тулд баялгийн сангийн тухай хуулийг яаралтай гаргаж, УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар баялгийн санг энэ онд багтаан бий болгох зайлшгүй шаардлагатай гэж үзэж буй ажээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |