Бичих зүйлдээ яг л ийм гарчиг тавихаас өөрцгүй санагдлаа. Яагаад гэхээр өнгөрсөн оны сүүлчээр өмнөхөө халж гарч ирсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар эхний үеийн амлалтдаа “Энэтхэгээс авах тэрбум ам.долларын зээлээр газрын тосны үйлдвэр барина. ТЭЗҮ нь бэлэн болж байгаа. Жилдээ 1.5 сая тонн газрын тос нэрж 90.4 сая ам.долларын ашигтай байх үйлдвэр барих ажил 2018 оны гуравдугаар сард эхэлнэ. Уг үйлдвэрийг 2021 онд ашиглалтад оруулна” гээд л барин тавин амласан юм. Гэтэл үйлдвэр барих ажил эхэлнэ гэсэн хугацаа нь өнгөрлөө. Тийм ээ ажил эхлэх нь битгий хэл энэ тухай ярьж байгаа ч юм алга байна одоо.
Монгол Улсын хувьд амин чухал олон асуудлын тэргүүнд газрын тос боловсруулах үйлдвэртэй болох санал санаачилга олон гарч чамгүй олон төсөл яригдаж үйлдвэрийн шав хэд хэдэн газар тавигдаж байсан. Гэвч тэр бүгд биелэл болсонгүй 30-аад жил боллоо. Тэгвэл одоо шинэ үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар товлосон гэж байна. Тэнд барих нь зөв үү, буруу юу гэсэн санаа ч гарч байх юм. Энэ нь өөрийн үйлдвэртэй болж шатахуунаа гаргачихдаг болоосой гэж санаа зовсон, мөрөөдсөн хүмүүсийн яарсан сэтгэлийн үг байх л даа. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном гуайн төрийн гурван өндөрлөгт хандаж бичсэн захидлыг үзлээ. Уг захидалд техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад Засгийн газар яаран сандран үйлдвэр барих шийдвэр гаргасан нь буруу юм. Нэг тэрбум ам.доллар их мөнгө. Үүнийг бид буцааж төлж таарна шүү дээ. Тиймээс баригдах үйлдвэр маань хөрөнгө оруулалтаа нөхөх чадвартай байх учиртай юм. Бас нөгөө талаар товлосон газар нь үйлдвэр барихад хэр тохиромжтой юм бол гэсэн бодол төрөөд байна гэжээ. Д.Содном гуай энэ захидлынхаа хариуг хүлээж л суугаа гэнэ.
Энэ мэт эдийн засагч, газрын тосны талын мэргэжилтнүүдийн санал бодлыг судалж үзэхэд Алтан ширээд барих үйлдвэрийн зөвхөн дэд бүтцэд хөрөнгө оруулалт тун их шаардах юм шиг. Магадгүй дэд бүтцэд зарцуулах хөрөнгө үйлдвэр барихаас давж ч мэднэ гэж хэлэх хүн тааралдлаа. Наад зах нь цахилгааны эх үүсвэр бий болгох шугам сүлжээ барих, тосоо татах 600-гаад км хоолойг тавих, цаашлаад авто болон төмөр зам баригдаж таарна. Гэтэл энэ бүхэнд зарцуулах хөрөнгийг тооцож чадаагүй байж үйлдвэр барина гэж амласан нь бодлогын төөрөгдөл болж байна уу даа. Яахаараа тийм нэг зэлүүд газрыг сонгож үйлдвэр барих болов гэх хүн олон байна. Төмөр зам, цахилгааны эх үүсвэрээс хол Алтанширээд үйлдвэртэй болно гэж өнөөгийн улстөрчид зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр шийдээгүй л болов уу. Заавал нэгийг бодсон байх гэсэн хардлага төрөөд байгаа. Наад зах нь өндөр зардалтай ажил төлөвлөөд Монголын талаас гарах мөнгөнөөс шомбодох арга заль нуугдаж байх вий дээ. Өнгөрсөн хэдэн жилд улстөрчдийн үйлдсэн одоо шалгагдаж байгаа гэмт явдлууд биднийг ийм хашир бас хардамтгай болгочихож.
Өөр нэг учирлал нь манай төр, засгийн удирдах хүмүүс үндэснийхээ мэргэжилтнүүдийн үгийг тоож үздэггүй хэрнээ гадны нэг нөхөр нэг юм хэлбэл түүнийг дагаж далдаганадаг нэг муу зуршил бий. Газрын тос боловсруулах үйлдвэр барих олон удаагийн оролдогод ч тэр нь нөлөөлөөгүй гэх нь алдас болох биз. За яахав. Үйлдвэрээ байгуулчихъя гэж бодъё. Түүхий эд бэлэн үү гэсэн асуудал тулгарна. Одоо дотооддоо олборлож буй газрын тосоо 100 хувь Хятад руу зөөлгөж байгаа. Өдөрт олборлодог 10 мянган баррель нефть хил даваад л Хятадын өмч болдог нь үнэн. Түүнийг манайх өөрийн үйлдвэртэй болчихлоо гээд буцааж авъя гэвэл дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авч таарах нь. Ингэхээр үйлдвэр байгуулсны ашиг гарах уу. Гарахгүй л юм шиг. Өнөөдөр Монгол Улс шатахууны хувьд гадны хараат байгаатай адил нөхцөл хойшид үргэлжлэх юм биш үү гэсэн бодол төрж байна. Боловсруулах үйлдвэрийн ашгийн 84 хувьд түүхий тосны үнэ шингэсэн байдаг гэдэг. Тиймээс дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш нэг баррель тосыг 84 ам.доллараар худалдаж аваад учиргүй хямд шатахуун үйлдвэрлэчихнэ гэдэг туйлын эргэлзээтэй хэрэг.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг газрын тосны газар Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хооронд 1993 онд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж бий. Уг гэрээнд хөрөнгө оруулсан компани олборлосон тосныхоо 40 хувийг үйлдвэрлэлд зарцуулсан хөрөнгийнхөө өртгийг нөхөх журмаар шууд авна. Үлдсэн хувийн ашгийг талууд хувааж авна гэсэн заалт байдаг. Үүгээр бол олборлосон тосны 80-аад хувь Хятадынх, маш бага хэсэг нь манай улсын мэдлийнх болох юм.
Ер нь манайхан газрын баялгаа ашиглахдаа ийм алдаатай ханддаг. Оюутолгойн гэрээ ч тэр. Өөрт ашиггүй гэрээ хийж бусдын идэш болоод байгаа жишээ олон. Гэтэл гэрээг засч залруулахыг урьдал болгодоггүй нь үе үеийн Засгийн газрынханд өөр нэг ашиг сонирхол явдаг гэсэн үг юм. “Петро Чайна Дачин Тамсаг” компанитай байгуулсан гэрээг бол эргэж харах нь битгий хэл бараг нууцын зэрэглэлтэй мэт өдий хүрсэн шүү дээ. Гэхдээ тэр гэрээг олж үзсэн. Нэг л их ойлгомжгүй политэконом буюу улс төр-эдийн засгийн ухааны сурах бичиг шиг тайлбар давамгайлсан олон хуудас бүхий 25 зүйлтэй дээр нь том хавсралттай гэрээ байналээ. Гэрээгээр бол хятадууд нөөц ашигласны төлбөр гэж жаахан юм манайд өгдөг. Үүнээс өөр ашиг бараг алга. Орд газар нь оршдог орон нутагт ч наалдсан юм, олигтой нэмэр бага. Тээр жил гэрээнд заасан замаа ч барьсангүй тэд.
Харин олборлосноо бүгдийг өдөр, шөнөгүй экспорт нэрээр гадагш зөөж байна. Манай талын авах ёстой бүтээгдэхүүний хэсэг ч гадагш урссан хэвээр. Гэтэл тэрний төлбөр яаж орж ирдэг нь тодорхойгүй. Энэ талаар Газрын тосны газрынхан ямар ч тайлбар хэлдэггүй юм билээ. Нөгөө талаар дотоодын газрын тосны олборлолт хэзээ сая тоннд хүрэх нь тодорхой биш бас чанар нь хэр билээ гэсэн асуудлууд үйлдвэртэй болох бодлын замд хөндөлсөх юм. Дорнодын Тамсагаас авч байгаа нефть +23 градуст царцдаг онцлогтой. Тэгэхээр түүнийг олон зуун км-ээс төмөр хоолойгоор татаж авна гэхэд нэмэлт технологи буюу хүчтэй олон шахуургууд шаардагдах юм байна лээ. Иймэрхүү техник эдийн засгийн олон учир шалтгааны гадна манайхыг шатахуунаар тэжээж байгаа хоёр том хөршийн хандлага, манай улстөрчдийн алдаатай бодлогын хамаарлаас үүдэлтэйгээр нефть боловсруулах үйлдвэр барих ажил дахиад амлалт төдий үлдэж мэдэх нь гэсэн бодол төрж байна. Тэрбум ам.долларын зээл ав гэж байгаа Энэтхэгийн тал хүртэл манай Засгийн газрын амлалтад эргэлзэж байгаа сураг байна. Тэднийх “Бид амласан зээлээ өгнө өө. Гэхдээ уг зээлийн 15 хувиас доошгүй нэмэлт хөрөнгө оруулалтыг Монголын Засгийн газар гаргахгүй бол үйлдвэрт зориулсан дэд бүтэц босоход хэцүү юм шүү. Үйлдвэр барих амлалт гоомойдож мэднэ” гэсэн санааг илэрхийлж байгаа гэнэ.
Бас үйлдвэр барьж гэмээнэ түүхий эдийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдгийг ч хөндсөн байгаа юм. Энэ бүхнийг бодож тунгаавал өөрийн үйлдвэртэй болоод шатахуунаа гаргаж аваад өмнө нь гадагш урсгаж байсан валютыг дотооддоо шингээдэг болох тэр цаг үе тун хол байх шиг бодогдож байна л даа. Нөгөө гэвэл хоёр талын бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг далдлах хөшигний цаана “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадуудын ноёрхол нуугдаж байдаг гэж болно. Уг нь нуугдаж байгаа биш ил давруун байдал юм шүү дээ. Холоос ирээд хот минийх, хотонд ирээд хуц минийх гэдэг шиг занг хятадууд гаргаж байгаа. Гэтэл үүнд өөрчлөлт гаргах санал санаачилга ер байдаггүй юм. Харин саяхан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Ашигт малтмал, газрын тосны газрынхны хэн нь улсынхаа төлөө, хэн нь ашиг сонирхлын зөрчилтэй ажилладгийг илчилж халаа, сэлгээ өөрчлөлт хийхгүй бол болохгүй нээ” гэж хэлсэн байна лээ. Тэдгээр байгууллагад яг газрын тосны талын мэргэжилтэй хүн бараг байхгүй байгааг олж харсан юм болов уу ч гэмээр санагдсан. Сайд хүн байна хэлсэндээ хүрч өөрчлөлт хийгээсэй л билээ.
Тамсагт ажиллаж байгаа хятадуудын дураараа авирладаг тухайг өмнөх нийтлэлдээ олон жишээг эш татсан болохоор дахин нурших илүүц юм. Харин хамгийн сүүлийн үеийн нэг баримтыг энд хэлье. Хоёр талын гэрээнд манай улсад зарлаж буй тендерүүдэд дотоодын давуу эрхийг тооцно гэсэн заалт бий. Энэ заалтыг огт хайхардаггүй тендерт зарладаг ч хятадынхаа компаниудад эрхийг нь өгчихөж байна. Монгол компани тендерт нь ялаад гэрээ байгуулсан ч “нөөцийн” гэдэг ангилалд багтаад хүлээж байдаг болсон.
Энэ мэтээр Монгол Улсын хууль тогтоомж руу нулимж байна шүү дээ тэд. Бас нэгийг хэлэхэд Засгийн газрын шийдвэрийн дагуу үйлдвэр байгуулснаар олон зуун ажлын байр нэмэгдэнэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн бий. Үнэхээр тийм гэж үү. Газрын тосны талын мэргэжилтнүүдийн хэлж байгаагас үзвэл орчин үеийн үйлдвэр дийлэнхдээ бүрэн автоматжсан тохируулгатай учир тийм олон ажиллагсад шаардлагагүй бололтой юм. Одоо барих нефтийн үйлдвэр улсын мэдлийнх байна гэсэн үг бас эргэлзээ төрүүлдэг. Уг нь хувийн хэвшлийнхний хөрөнгө хүчтэй хамтрах нь ашигтай баймаар санагддаг.
Нэг эдийн засагч хэлж байна л даа. Өнгөрсөн жилүүдэд нефть боловсруулах үйлдвэр барих гэж техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийлгэлээ. Бэлэн боллоо л гэдэг. Удалгүй энэ яриа алдардаг. Энэнд учир бий. ТЭЗҮ хийлгэнэ гэдэг бөөн мөнгө. Тэр нь үе үеийн засгийн газрынханд олз болоод өнгөрдөг гэж… Нээрээ ТЭЗҮ гэдэг бизнес юм гэж үү. Тийм бол ашиг сонирхлын уламжлал болсон “хар туршлага” Алтанширээд үйлдвэр барих амлалтад дайгдаж байж ч мэдэх нээ дээ. Газрын тосны үйлдвэр барих тухай сэдэвт үлгэр хэзээ төгсөж амар сайхандаа жаргах бол. Бурхан л мэдтүгэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.ЦЭРЭННАДМИД