Олон Улсын валютын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн гуравдугаар үнэлгээг хэлэлцэж батласан талаар мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер ОУВС-аас Монгол Улсад дахин 30 сая ам.долларын санхүүжилт олгох нөхцөл бүрдсэн болохыг хэллээ.
Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй
ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн гишүүд Монгол Улсад хэрэгжиж буй өргөтгөсөн санхүүжилтийн гүйцэтгэлд тааламжтай хандаж байгаа аж. ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөс хөтөлбөр хэрэгжилтийн үнэлгээг гурван сар тутамд хийж хэлэлцдэг. Хамгийн сүүлд 2017 оны арванхоёрдугаар сард Монгол Улсад хэрэгжиж буй хөтөлбөрийн үнэлгээг захирлуудын зөвлөлөөс хийж, хэлэлцсэн бөгөөд хөтөлбөр маш амжилтай хэрэгжиж буй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэхүү үнэлгээг баталгаажуулсантай холбогдуулан Монгол Улсад дараагийн санхүүжилт болох 30 сая ам.долларыг олгох боломж бүрджээ. Ингэснээр нийтдээ ОУВС-аас 152 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт олгогдсон гэж ойлгож болох юм байна.
Энэ талаар ОУВС-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улсын эдийн засаг бидний тооцоолж байснаас эрчимтэй сэргэсэн бөгөөд хугацаа дөхсөн гадаад бондуудыг өмнөхөөс бага хүүгээр сунгаж чадсан. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн нэг жилийн хугацаанд маш шийдвэртэй арга хэмжээ авч чадсан тул эерэг үр дүн гарсан гэж хэлж болно. Тийм болохоор Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй.
Жил гаруйн өмнө эдийн засгийн өсөлт маш сул, төсвийн алдагдал хяналтаас гарсан байсан. Мөн гадаад валютын нөөцийн хэмжээ эрчимтэй буурч, аюултай түвшинд дөхөж очсон байсан. Хөгжлийн банкнаас гаргасан байсан бондын эргэн төлөлтийн хугацаа дөхсөн байсан. Тухайн үед Засгийн газраас эдийн засгийг сэргээх зорилгоор ОУВС-тай хамтран ажиллах санал тавьсан. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нааштай үр дүнгүүд гарч эхэлсэн. Эдийн засгийн нөхцөл байдал тогтворжсон учраас Засгийн газар илүү урт хугацааны зорилтдоо анхаарал хандуулах боломж бүрдэж байгаа” гэв.
ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилт хэрэгжиж эхэлснээр 2017 оны эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан бөгөөд гадаад валютын нөөц 3 тэбрум ам.долларт дөхсөн. Мөн төгрөгийн ханш тогтворжсон зэрэг эерэг үр дүнд хүрснийг Суурин төлөөлөгч онцоллоо.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |