Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ? Хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлснээр иргэдийн орлого ч нэмэгдэнэ гэдэг.
-Өнөөдөр иргэдийн нийт 98 хувь нь хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй байдаг. Гэвч хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцсон дүнтэй байна. Хөрөнгийн зах зээл дээр оролцох иргэдийн итгэлийг сэргээх хэрэгтэй. Итгэлийг нь сэргээхийн тулд хөрөнгийн зах зээлд шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүнүүд найдвартай байх ёстой. Мөн эргээд хөрөнгийн зах зээлийн талаар зөв мэдээллийг иргэдэд олгох хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд оролцох нь бусад үйл ажиллагаанаас илүү ашигтай, тустай гэдгийг ойлгуулах нь чухал. Нэг талаас компаниуд хөрөнгийн зах зээлийг сонирхоод, олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий болохоор хэрэглэгчид түүнийг авах, хувьцаа, бонд болгон буцаан арилжих боломжтой юм.
Өнгөрсөн 2017 онд СЗХ-ноос хөрөнгийн зах зээлд хоёр IPO, нэг бонд гаргасан. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд IPO гаргаж байгаа. Эндээс хамгийн амжилттай болсон IPO юм. “ITOOLS” компанийн IPO-гийн захиалга 200-300-гаар давж биелсэн. Мөн “Сүү” ХК-ийн гаргасан бонд амжилттай болсон. Энэ нь хөрөнгийн зах зээлд тодорхой хэмжээний сэргэлт бий болж байгаагийн жишээ юм.
Он гарсаар “ЛэндМН” банк бус санхүүгийн байгууллага IPO гаргалаа. Үүний захиалга нь зах зээл дээр 6-7 дахин давж биеллээ. Тиймээс хөрөнгийн зах зээлд эрэлт байна. Энэ хэмжээгээр нийлүүлэгч компаниуд ч эрэлтийн тэнцвэрийг нь зөв хангаж, зах зээлд шингээх тал дээр СЗХ бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм байна гэдэг нь харагдаж байна. Гэхдээ энэ нь бодлоготой, судалгаатай байснаар хийгдэх ажил биш. Гаргасан бодлого, шийдвэрээ зах зээлд байнга хэрэгжүүлж байж үйл явц нь сайжирна. Дээр нь манайтай түвшин ойр хөрөнгийн зах зээлтэй гаднын улс орнуудын туршлагыг судалж байна. Өнгөрсөн 26 жилийн түүхэндээ дотоодын нөөц бололцоогоо түшсэн эерэг хандлага гарлаа. Энэ сууриа бэхжүүлэх, өргөжүүлэх ажлыг хийх нь СЗХ-ны эрхэм зорилго юм.
-Иргэд ХЗХ-ноос эрсдэл хүлээсний дараагаар нэлээд болгоомжлох болсон. Эрсдэлээс сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Хадгаламж зээлийн хоршооны хувьд 20-иод жилийн түүхэндээ алдсан, оносон зүйл их байдаг. 2000 оны эхэн үед ХЗХ Хоршоодын хууль гэдэг ерөнхий малгай хуулиар зохицуулагдаж байсан. Харин 2011 оноос Хадгаламж зээлийн хоршоодын хууль гэдэг бие даасан хуультай болсон. Зохицуулалтын орчныг тодорхой ойлгомжтой болговол зах зээлд үүнийгээ тууштай мөрдөнө. Банк бус санхүүгийн байгууллагын хувьд ч гэсэн нийт 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага дүрмийн нийт нэг их наяд төгрөгийн хөрөнгийн хэмжээд хүрсэн байна. Эдийн засаг сэргэхийн хэрээр энэ зах зээлийн хүртээмж ард иргэдэд хүрч үйлчилгээ нь сайжраад явах боломж байна.
-Банк бус санхүүгийн байгууллагад мөнгө хүүлэлт явж байна гэдэг. Энэ талаарх зөрчил хэр байдаг вэ? Ер нь дүрмийн сан нь хэр хэмжээтэй эхэлдэг бол.
-Өнөөдөр банк бус санхүүгийн байгууллага тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа эрхэлж байгаа 530 гаруй байгууллага байна. Бид тогтмол газар дээрх болон, зайны хяналт тогтмол хийдэг. Банк бус санхүүгийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар гарсан зөрчил байхгүй. Өнгөрсөн оны хувьд банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэх шийдвэрийг СЗХ гаргасан. Энэ хүрээнд 2016 оноос өмнө СЗХ-ноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан банк бус санхүүгийн байгууллага ирэх дөрвөн жилийн хугацаанд дүрмийн сангаа нэмэгдүүлнэ. Шинээр байгуулагдаж байгаа банк бус санхүүгийн байгууллага Улаанбаатар хотод 2.5 тэрбум төгрөгөөр, хөдөө, орон нутагт 600 сая төгрөгөөр дүрмийн сангаа эхлүүлж байгаа.
Зээлийн хүүгийн тухай 2016 онтой харьцуулахад 2017 онд дундаж хүүгийн түвшин 0.6 хувиар буурсан байгаа. Зээлийн нийлүүлэлт дүрмийн сангаа өсгөсөн, хөрөнгө нь өссөнтэй холбоотой уялдаж хүүгийн хэмжээ буурсан байгаа.
Банк, санхүүгийн салбарт тодорхой сэргэлт гарч ирж байна. 2018 онд банк, санхүүгийн салбарт бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санаачлага гарган ажиллаж байна.
Н.Энх
Уншиж байна |