Бичил зээл олгож, бизнес эрхлэлтийг дэмжинэ
2018-03-26

Засгийн газраас Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2018.03.26/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Дэлхийн банкны  суурин төлөөлөгч Жеймс Андерсон нарын албаны хүмүүс оролцов.

 

С.Чинзориг: Гэрээт малчин хөтөлбөр хэрэгжүүлнэ

/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зах зээлийн бодлого хөтөлбөр, тогтвортой хөгжил, үзэл баримтлал, хөдөлмөрлөлтийг дэмжих ядуурлыг бууруулахад ач холбогдол өгч ажиллаж байна. 2017 онд шинээр Засгийн газар байгуулагдсанаас хойш  ядуурлыг бууруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, эцэг эх олон нийтийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллийг устгах гэсэн гурван чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Ажилгүй иргэдийг ажлын байранд хөдөлмөрийн албаар зуучлан ажилд оруулах нь бидний үндсэн зорилго, зорилт байх ёстой” гэв.

 

Мөн тэрбээр “Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох асуудал хомсдолтой байна. Тиймээс хөдөө орон нутгийн залуучууд нөхөрлөл, хоршоолол байгуулах замаар ажлын  байр бий болгох төсөл, хөтөлбөрийг дэмжинэ. Хөдөө, орон нутагт хадлан тэжээл бэлтгэх, хашаа саравчаа засах, худаг ус гаргах зэргээр зохион байгуулалттай ажлын байр бий болгох шаардлага байна. Мөн мал аж ахуйг түшиглэсэн ажлын байр бий болгох шаардлага байгаа. Ам бүл цөөтэй малчид гэрээт малчин ажлуулж ирсэн туршлага бий. Иймд манай яамнаас гэрээт малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ мэтчилэн орон нутгийн залуучуудыг ажлын байртай болгоно” гэдгийг хэлэв.

 

Жеймс Андерсон: Монголын их дээд сургууль төгссөн ч ажилгүй байгаа залуучууд хүндрэлтэй бүлэгт багтаж байна

/Дэлхийн банкны Суурин төлөөлөгч/

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын эдийн засаг унасан нэг шалтгаан нь түүхий эдийн үнэ унасан явдал юм. Үүнтэй холбоотойгор ажилгүйдэл улам нэмэгдэж, эдийн засаг долоон хувиас доош буурсан үзүүлэлт гарсан. Мөн бага цалин орлоготой боловч хувиараа болон албан бус хөдөлмөр эрхлэлт өссөн хэвээр байна. Энэ төслөөр Дэлхийн банк Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн их тулгамдаж буй  асуудалд туслахыг хүссэн. Өнөөдөр Монгол Улсын гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд, их сургууль төгссөн боловч ажил олж чадахгүй байгаа залуучууд хамгийн хүндрэлтэй бүлгүүдэд багтаж байна. Иймд төслийн хүрээнд бичил зээл олгож, бизнес эрхлэлтийг дэмжинэ” хэмээв.

 

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” нь дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин