“Энержи Ресурс” компани Монголын нүүрсний экспортын үнийг хамгийн өндрөөр тогтоосон рекорд амжилтыг үзүүлжээ. Үүнийг тус компанийн 2017 оны санхүүгийн тайлангаас харж болно. “Энержи Ресурс” компани нүүрсийг Монголдоо боловсруулж, нэмүү өртөг шингээж экспортолдог. Иймээс 2017 онд нүүрсний борлуулалтын үнийг өнгөрсөн оныхоос 70 орчим хувиар өсгөж, дунджаар 130.3 ам.долларт хүргэсэн байна.
Мөн тус компани өнгөрсөн онд 310 сая ам.доллар буюу жилийн дундаж ханшаар 760 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ эерэг үзүүлэлт нүүрсний дотоодын боловсруулалт, баяжуулалттай шууд холбоотой гэдгийг компанийн тайлан мэдээнд дурджээ.
“Энержи Ресурс” компани 2017 онд нийт 8.3 сая тонн нүүрс олборлосон байна. Үүний 8 сая тонныг дотооддоо боловсруулж, 4.4 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь 476 сая ам.доллар буюу 2017 оны дундаж ханшаар 1.2 их наяд төгрөгийн экспортын орлого болж Монгол Улсын эдийн засагт орсон байна. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь биш боловсруулж, баяжуулж гадны зах зээлд борлуулах нь өндөр үрашигтай гэдэг нь "Энержи ресурс"-ын тайлангаас харагдаж байна.
М.Болд