“Алт-2” хөтөлбөр хэрэгжсэнээр алт олборлолтын хэмжээ 20.1 тн-д хүрчээ. Цаашид Монгол Улс алтны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй, нээлттэй ил тод, эмх замбараатай болгох, хууль бусаар ашигт малтмал олборлох ажиллагааг цэгцлэх, нөөц нь тогтоогдоод ашиглагдахгүй байгаа бэлтгэгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм.
Эдгээр ажлыг дэмжиж “Монгол Алт-2018” олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр ирэх гуравдугаар сарын 15, 16-нд Корпорейт Конвейшн төвд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, алтны салбарынхан, гадаадын хөрөнгө оруулагчид оролцоно. Монголын алтны салбарт дэлхийн дэвшилтэд техник технологи, туршлагыг нутагшуулах, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж шинэ түвшинд хүргэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
Уншиж байна |