Эрдэнэс Таван Толгой ХК-ийн зүүн, баруун цанхийн гэрээт олборлогч компаниудын уулын ажлын гэрээний дүн зөрүүтэй. Зүүн цанхийн "ТТ JVCo" компани 11175.6 төгрөг, баруун цанхийн олборлогч Хишиг-Арвин Индустриал ХХК 7173.98 төгрөгөөр 1м3 уулын цулын ажлыг хийдэг тухай "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэл цахим хуудсандаа бичжээ.
Ингэхээр 1м3 уулын цулын зардлын зөрүү 4001.6 төгрөг гэсэн үг. Мөн зүүн цанхийн олборлогч компани яагаад доллараар гүйлгээ хийдэг зэрэг асуултад "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнээс хариулт авлаа.
-Зүүн, баруун цанхийн гэрээт олборлогч компаниудын уулын ажлын зардал зөрүүтэй тухай танайх мэдээлсэн байсан. Яагаад гэрээ ийм ялгаатай юм бол?
- "ТТ JVCo" компани гадаадын хөрөнгө оруулалттай гэж байгаа юм. Гэхдээ энэ компанид гадаадын хөрөнгө оруулалт гэж байхгүй. 2010 онд манай компани байгуулагдсан. 2011 онд "Макмахон" компани оператороор орсон. Оператор компанийн үүрэг нь менежмент, сургалт, техник хангамжид туслах гэрээтэй. Гэтэл манай Эрдэнэс Тавантолгой тэр компанийн бүх зардлыг хариуцана гэчихсэн. Манай боловсон хүчний бодлогын болон үйл ажиллагааны түвшин доогуур байснаас гэрээнд ийм алдаа хийсэн.
Тухайн үед зүүн цанхи гэж байсан. Зүүн цанхийн 80 хувийг Засгийн газрын гэрээгээр Чалкод өгсөн. Үлдсэн 20 хувь дээр нь манай компани үйл ажиллагаа явуулах ёстой. Тэрний 10 гаруй хувь нь үйлдвэрлэлийн зардалдаа шингээд, манай компанид ашиг байхгүй. Тэгээд манай компани өрөнд орж эхэлсэн.
2012 онд Б.Энэбиш захирал явахаасаа өмнө баруун цанхийг нээлээ гээд мэдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл компани гэрээнээс гадуурх уурхайгаа нээнэ гэсэн үг. Тэр уурхайгаа манайх бие дааж ажиллуулж, бэлэн мөнгөтэй болох боломжтой. Тэгээд баруун цанхи дээр Хишиг-Арвин Индустриал ХХК-ийг оруулаад, Эрдэнэс Тавантолгой компанийн байдал сайжирч эхэлсэн.
-Гэрээний дүнгийн зөрүүний тухай нэлээн удаан яригдсан байх?
-2015 онд эхэлж яриад, 2016 онд энэ асуудлыг дахиж тавьж байсан.
-Одоо болтол шийдэгдээгүй байна?
-2015 онд манай компанийн хувь тавилан их ээдрээтэй байсан. Тэр үед бид метан хийний асуудлыг тавьж байсан. Тэгээд 2016 оны 9 дүгээр сараас метан хийтэй холбож, энэ асуудлыг гаргаж ирсэн. Бас тоогоогүй. 2017 онд дахиад тавьсан.
-"ТТ JVCo" гэж ямар компани юм бэ?
-"ТТ JVCo" бол хятад эзэнтэй, монгол компани. Харин хөрөнгө нь хуучин "Макмахон"-ы мөнгө. Энэ компанийн дүрэм журам, хувьцаа нийлүүлэгчид ямар нэг байдлаар нээлттэй байх ёстой. Монголд байгуулагдсан учраас манай компанитай Монгол Улсын хуулиар, монгол хэлээр гэрээгээ байгуулах ёстой. Гэтэл англи хэлээр байгуулчихсан, тэрийг нь ГХЯ-наас олон улсын хэлэлцээр биш гээд баталгаа гаргаж өгөхгүй байгаа. Энд төөрөгдөл бий болоод байна. Эрдэнэс Тавантолгойг үгүй хийх гэсэн ашиг сонирхолтой хүмүүсийн явуулга.
-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компани монгол мөнгөөр гүйлгээ хийх хуультай. “ТТ JVCo" компани яагаад доллараар хийдэг юм бол?
-Манай компанийн шинэ удирдлагууд төгрөгөөр хийнэ, хийж байгаа гэж ярьдаг. Гэтэл бид төлбөр балансыг нь харахаар доллароор байдаг.
- Хишиг-Арвин Индустриал ХХК монгол мөнгөөр хийдэг үү?
-Тийн, төгрөгөөр.
-Тэгэхээр энд ямар эрх ашиг байна гэж та хардаж байна уу?
-Хуйвалдаад, хулгай хийгээд идэж байгаа. Тэндээс ногдол ашиг аваад л. Тэр ойлгомжтой асуудал. -"ТТ JVCo" компанийг хүч авахуулж болохгүй, Эрдэнэс Тавантолгойн төлөө л гэж байгаа бол.
Бидний дээр толгой компани “Эрдэнэс Монгол” байна. Эрдэнэс Монгол байгуулагдсан цагаасаа ямар ашигтай ажилласан юм, яг юу хийсэн бэ? Монгол уул уурхайн компаниудын гаргаж байгаа ашигт малтмал, олж байгаа мөнгийг нэгдсэн нэг бодлогоор шийдвэрлэнэ гэдэг. Юуг шийдвэрлэсэн юм. Төрийн өмчит компаниудыг хүчээр охин компани болгочихсон. Манай компанийн өмнөөс очоод гэрээ хэлэлцээр хийх нь гоё л байх. Манай компанийг цаасны компани болгох, Монголын ирээдүйн эрх ашгийг умартаж байна. Тиймээс Эрдэнэс Монголын тайланг аваад, үйл ажиллагааг нь зогсоо.
“Эрдэнэс Монгол”-оос хамгийн анх төрсөн компани нь Эрдэнэс Тавантолгой. Өнөөдрийг хүртэл Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монголын бүх зардлыг төлсөн. Санхүүгийн дансаар манайд 70-аад тэрбумын өглөгтэй.
-Хоёр цанхийн олборлогч компанийн гэрээний үнийн дүнг тэнцүүлснээр компанид ямар ашиг гарах вэ?
-Аль аль талдаа гурав, гурван долларын ашигтай ажиллая л даа. Ингэвэл манай компанийн эрх мэдэл, хариуцлага нэмэгдэнэ. Бас компаниас тавих халамж нэмэгдэнэ.
Зөвхөн нэг доллар хасч, тэгш бус гэрээг тэнцвэртэй болгосноор уулын ажлын төлөвлөгөөнөөс компани жилд 80 тэрбумын ашигтай ажиллана.
Б.Энэрэл
Уншиж байна |