ХААН Банк нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй жилийн 12%-ийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг дамжуулан олгохоор болж, НДЕГ-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Ийнхүү Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан ахмад настнуудад чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлэх зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулж, хүүг бууруулах, хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээг ХААН Банк дэмжин хамтран хэрэгжүүлж байна. 2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 381,8 мянган иргэн байгаагийн 52,5 хувь нь ХААН Банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, 12 сар хүртэл хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийг сарын 1,0%-ийн хүүтэй (жилийн 12,0%-ийн хүүтэй)-ээр 2018 оны 01-р сарын 16-ны өдрөөс орон даяар байрлах ХААН Банкны бүх салбар нэгжээрээ дамжуулан олгож эхэлнэ. Ингэхдээ тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн 70 хүртэл хувьд сарын зээлийн төлбөр нь багтаж байхаар зээлийг олгох ба үлдсэн 30% буюу түүнээс дээш хувийн тэтгэврийг тэтгэвэр авагч нь сар бүр гар дээрээ авах боломжтой байхаар зохицуулсан нь ахмад настануудыг хэт санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж буй юм.
Холбоотой асуулт, хариултууд:
- Урьд нь тэтгэврийн зээлтэй хүн уг хөнгөлөлттэй зээлийг авах боломжтой юу? Материалаа хаана өгөх вэ?
Тэтгэвэр авагч нь тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс та тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлээ бүрэн төлсний дараа энэхүү зээлд бүрэн хамрагдах боломжтой юм. Улаанбаатар хотын тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр авдаг тооцооны төвдөө хандан зээлээ авах боломжтой. Орон нутгийн тэтгэвэр авагчдын хувьд ХААН Банкны бүх салбар нэгжээр дамжуулан авах боломжтой. Бүрдүүлэх материалын хувьд иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэрийн хамт, хэрэв тэтгэврийн карттай бол тэтгэврийн картын хамт өөрийн тэтгэвэр авдаг салбар нэгжид хандан зээлээ судлуулах боломжтой юм.
- Өмнө нь тэтгэврийн зээл авсан хүн зээлээ хөнгөлөлттэй зээлд шилжүүлж болох уу?
Харилцагчийн өмнө авсан зээлийг хөнгөлөлттэй зээлд шилжүүлэх боломжгүй юм. Тэтгэвэр авагч харилцагчид өмнө нь авсан зээлээ бүрэн төлж дууссаны дараа энэхүү богино хугацаатай бага хүүтэй зээлийг авах боломжтой болно. Өмнө авсан зээлийг хугацаанаас нь өмнө төлөхөд ямар нэгэн торгууль, шимтгэл байдаггүй тул урьдчилан төлөх боломжтой.
- Нэмэлт зээл авах боломжтой юу?
Хуучин зээлтэй харилцагчийн хувьд нэмэлт зээл авах бол өмнө авсан нөхцөлөөр буюу жилийн 18.0%-ийн хүүгээр авна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан харилцагчийн хувьд тухайн хөнгөлөлттэй зээлийн заасан хугацаа, хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тэтгэврийн хөнгөлөлттэй зээлийг нэмж авч болно. Харин шинээр зээл авах гэж байгаа бол богино хугацаатай бага хүүтэй зээлийг авах боломжтой.
- Хүсэлт хүлээн авч дуусах хугацаа гэж бий юу?
Хүсэлтийг 2018-01-16-ны өдрөөс эхлэн хүлээн авч эхэлж буй бөгөөд хөтөлбөр дуусах хугацааг одоогоор заагаагүй тул та бүхэн өөрийн боломжтой цагтаа банкинд ирж хүсэлтээ гарган зээлээ аваарай. Улаанбаатар хотын тэтгэвэр авдаг иргэд өөрийн тэтгэвэр авдаг салбар нэгжээсээ, орон нутгийн тэтгэвэр авдаг иргэд ХААН Банкны аль ч салбарт хандах боломжтой.
- Зээл авахад шимтгэлтэй юу?
ХААН Банк тэтгэврийн зээлийг шимтгэлгүй олгодог. Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг олгоход ч мөн ямар нэгэн шимтгэл хураамж авахгүй болно.
Уншиж байна |