АСЕМ-ын зохион байгуулалтаас 14.8 тэрбумын зөрчил илрүүлж, аудит хийж эхэллээ
Үндэсний аудитын газраас АСЕМ-ын үйл ажиллагаанд зориулсан төсвийн хөрөнгөний зарцуулалтад аудит хийж эхэллээ. Төрийн аудитын тухай хуулиар аудит хийхдээ нээлт хийх ёстой. Энэ дагуу нээлтийг өнөөдөр хийж, төрийн яамд болон холбогдох байгууллагын албан тушаалтнуудад мэдээлэл өглөө.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “АСЕМ бол Монгол Улсыг танилцуулах ач холбогдолтой олон улсын чуулга уулзалт болсон. Гэхдээ төрийн аливаа үйл ажиллагаанд төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулсан байх ёстой. АСЕМ-ын зохион байгуулалтад санхүүгийн эрсдэл гарсан учраас аудит оруулж байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн ажлын зарим нь дутуу, үр дүнгүй, зарим нь хувийн хэвшил ашиглаж байгаа зэрэг зөрчил байна” хэмээн аудит хийх болсон шалтгаанаа тайлбарлав.
Аудитын үйл ажиллагааны талаар тус газрын Санхүүгийн аудитын газрын дарга Ц.Наранчимэг “Монгол Улсын ерөнхий аудиторын тушаалаар АСЕМ-ын үйл ажиллагаанд эрсдэлийн аудит хийхээр, ажлын баг томилогдсон. Баг таван хүний бүрэлдэхүүнтэй байна. АСЕМ-ын зохион байгуулалтад 23.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв баталснаас 20.8 тэрбум төгрөг зарцуулсан. Санхүүгийн тайлангаар 14.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Тиймээс зайлшгүй гүнзгийрүүлэн судлах шаардлагатай буюу эрсдэлтэй асуудал байна хэмээн үзэж аудит хийхээр баг ажиллаж эхэллээ. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, ИНЕГ-ын дарга, ГЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга зэрэг АСЕМ-тай холбогдсон бүх байгууллагын удирдлагуудыг оролцуулж байна.
АСЕМ-ын үйл ажиллагааг улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө, гадаадын хандив тусламж, Хөгжлийн банкны хөрөнгө, бусад эх үүсвэр гэсэн санхүүжилтээр зохион байгуулсан. Энэ бүхэнд аудит хийх үйл ажиллагаа ирэх оны гуравдугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна” гэсэн мэдээллийг өглөө.
Б.Энэрэл
Уншиж байна |